УИХ-ын дарга Г.Занданшатарын БНЭУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-02 09:28:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. 


Энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байгаа юм.


Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндод бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабхагийн дарга Веркаяа Наиду болон Парламентын  доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла нартай уулзаж, санал солилцоно.


Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцана.


Энэхүү айлчлал нь Монгол Улсаас БНЭУ-д Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Энэтхэгийн Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлал энэ сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ