УЦС-аас татгалзсаны хариуд ОХУ Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг нөхөх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-29 11:12:51

УЛААНБААТАР. /RIA Novosti/. Байгал нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц (УСЦ) барих Монгол Улсын төсөлд ОХУ сөрөг байр суурьтай байгаа бөгөөд эрчим хүчний дутагдлаа Галуут нуурын цахилгаан станцын хүчин чадлаар нөхөхийг санал болгож байна гэж шадар сайд Виктория Абрамченко Монгол Улсад айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлжээ.


Галуут нуурын цахилгаан станц (Гусиноозёрская) нь Өвөр Байгалын хязгаарын хамгийн том конденсацын цахилгаан станц бөгөөд Буриад улсын хамгийн том станцуудын нэг юм.


Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС, тус мөрний цутгалууд болох Орхон, Эгийн гол дээр УЦС барихаар төлөвлөж байгаа тухай урьд нь мэдээлж байсан. Эл төсөл нь Байгал нуурт болон байгаль орчинд ноцтой аюул учруулж байна гэж Орос улс үзэж байгаа юм.


“Энэ асуудал (Монгол Улс Сэлэнгэ мөрний цутгалууд дээр УЦС барьж байгуулж байгаа нь) ОХУ-ын хувьд маш эмзэг асуудал. Бид ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-гийн комиссын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах нь бидний хувьд үндсэндээ чухал асуудал. Үүний зэрэгцээ бид Монголын түншүүдээсээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгааг олж сонссон тул бид шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн. Тухайлбал, Галуут нуурийн конденсацын цахилгаан станц шаардлагатай хүчин чадлаар хангахад бэлэн байна" гэж Абрамченко хэлжээ.


Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх нь хоёр талын эн тэргүүний асуудал гэж онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ