С.Амарсайхан: Бизнесийн салбарын үйл ажиллагааг одоо байгаа хэмжээнд үргэлжлүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 14:24:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс одоогоор ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио тогтоохгүйг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Коронавирусний шинэ хувилбар гадаад улс орнуудад бүртгэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр хуралдсан УОК-ын шийдвэрийг тэрбээр танилцуулсан  юм. 


Шадар сайд, "Нэн түрүүнд коронавирусний шинэ хувилбарыг гадаад улс орноос хилийн боомтоор дамжин орж ирж болзошгүй хэд хэдэн нөхцөл байдалд арга хэмжээ авч байна. Цаашид энэ нь хэрхэн өөрчлөгдөх, ямар хүндрэл үүсэх, эрсдэл бий болохыг хэлэх боломжгүй. Тухайн цаг үед нь тохирсон зарим нэг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Дотоодод бизнес, эдийн засгийн салбарыг одоо байгаа хэмжээнд үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ. Иргэдээ гадаад руу явуулахгүй гэх боломжгүй, онц шаардлагагүй бол явахгүй байх нь хамгийн зөв шийдэл" гэдгийг зөвлөсөн юм.


Учир нь зорчиж буй тухайн оронд ямар хүндрэл бий болж, гэнэтийн арга хэмжээ авах, хил гааль нь хэр удаан хаахыг мэдэх боломжгүй. Хилээ бүрэн хаасан улс орон байхгүй бөгөөд шинэ хувилбар бүртгэгдсэн тухайн бүс нутгаас ирэх нислэгийг л хязгаарлаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ