Хөрсний ус шүүрүүлэх байгууламж барих шаардлагатай

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-11-27 12:16:50

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод сумын Нацагдорж 5-р багийн усны аж ахуйн байршил бүхий хэсэгт хөрсний ус дээшилж, ойр хавийн оршин суугчдын барилга байшин цуурах, хагарах гэх мэт байдлаар эд хөрөнгөд ихээхэн хохирол учирсаар 2 дахь жилтэйгээ золгож байна.

Уг асуудлыг зарим оршин суугчид хөрсний ус бус төв шугамын цэвэр усны алдагдлаас болж байгаа хэмээн үзэж байсан тул "Хидро инженеринг" ХХК-иар судалгаа шинжилгээг гүйцэтгүүлжээ. Уг тайланд тус усны дээж нь хөрсний ус тул Зуунмод хотын стадион болон Нацагдорж багийн суурьшлын бүсийн хөрсний ус шүүрүүлэх, зайлуулах байгууламжийг бий болгох хэрэгцээтэй гэж үзсэн бөгөөд нийт 800 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр тус байгууламжийг барьж бий болгох тухай хэлж, тухайн газрын оршин суугчдаас санал хүсэлт авч уулзалт зохион байгууллаа.


Тус уулзалтын хүрээнд тухайн хэсгийн 60 өрхийн 200 гаруй иргэнээс зөвшөөрөл авч, дараах ажлыг гүйцэтгэх боломжтой тул тухайн багийн оршин суугчдаас санал хүсэлтийг сонслоо.


Тухайн саналын хүрээнд дийлэнх иргэд тус байгууламжийг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн юм. Харин Зуунмод хотын захирагчийн албанаас “Тухайн асуудлыг ажил хэрэг болгохгүй тохиолдолд тэр хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ нь мэдээж санхүүгийн хувьд маш том эрсдэлд орох учраас эхний удаад бид энэхүү хөрсний усыг шүүрүүлэх боломжийг ашиглах нь зүйтэй. Бид эхний удаад орон нутгийн төсөвт тус хөрөнгийг тусгахаар зорьж байгаа бөгөөд хугацаа алдалгүй тус ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна” хэмээн мэдээллээ. 



Холбоотой мэдээ