Нийслэлийн Налайх дүүргийн ахмадууд шинэ өргөөтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-11-24 16:52:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн ахмадууд шинэ өргөөтэй боллоо. Шинэ гэдэг нь тус дүүргийн Соёлын ордны хоёр давхрыг Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА-гийн санхүүжилтээр бүрэн шинэчилж ахмадын өргөө болгон тохижуулжээ. Өргөө танхимын нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн Налайхын ахмад буурлууд сайхан тохилог өргөөтэй болсонд ТИКА-гийн хамт олонд талархал илэрхийлээд, ахмадуудаа сайхан ордондоо дахин тавтай тухлахыг хүссэн юм.




Тэрээр хэлэхдээ, Монгол, Туркийн хоёр орон олон жилийн олон талт найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн, Түрэгийн үеэс улбаатай ёс заншил, соёл иргэншлээр холбогдсон түүхтэй ард түмэн гэдгийг дурдав.

Туркийн хамтын ажиллагааны байгууллага ТИКА манай улсын нийгэм, боловсрол гээд олон салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйг онцоллоо. Ялангуяа хоёр орны өнгөрсөн түүх, ирээдүйн хамтын ажиллагааг холбосон онцлогтой, нандин газрын нэг Налайх дүүрэгт өрхийн эрүүл мэндийн төв барих, МСҮТ-ийн гагнуурын анги байгуулах, Хуульчдын гудамж талбайг засаж тохижуулж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын аж үйлдвэрийн нэг том төв байсан Налайх дүүргийн ахмад буурлууд ая тухтай амарч ажиллах төвийг бүрэн тохижуулж нээн хүлээлгэн өгч буйд дүүргийн иргэд, буурлуудынхаа өмнөөс талархал илэрхийлье гэв.




Тэрээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцааг Засгийн газар болон орон нутгийн түвшинд үзүүлж өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийх болно. Манай налайхынхан та бүхний хийж бүтээж буй, хамтарч шийдэж буй бүх ажилд сэтгэл өндөр явдаг гэв. Тэрээр хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан хэлэхдээ, Налайхад анх уурхайчдын Соёлын ордонг 1958-1959 онд барьж, нээж байсныг тодотгоод, “Өнөөдөр шинээр нээж буй Ахмадын өргөөний танхим бол та бүхний түүх. Улс орон, ард түмнийхээ төлөө залуу нас, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээ зориулсан та бүхний түүх өнөөдрийн болон хойч үетэй салшгүй холбоотой юм. Энэ сайхан ордондоо дахин тавтай тухлааарай” гэсэн юм.




Нээлтэд хүрэлцэн ирсэн, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш хэлэхдээ, “Манай улсын ТИКА байгууллагаас бүрэн засварлаж тохижуулж өгч буй энэ өргөө бол Монголын ахмадуудад үзүүлж буй хүндэтгэл юм гэдгийг илэрхийлж, Туркийн ард түмэн, Засгийн газраас Монголын ард түмэнд үргэлж тусалж, дэмжих болно” гэсэн юм.


Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА Монгол Улсад 1992 оноос хойших хугацаанд 780 төсөл хөтөлбөрийг эдийн засаг, боловсрол, нийгмийн олон салбарт хэрэгжүүлж иржээ.



ТИКА-гийн суурин төлөөлөгч Эмрах Устаөмэр хэлэхдээ, “Манай агентлаг Монголын ард түмний хэрэгцээ шаардлагад тулгуурлан, сайн сайхан амьдрахад нь өөрсдийн нөөц бололцооны хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэн”-ийг онцлоод, “Бид Монгол орны өнцөг булан бүрд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Эрүүл мэнд, боловсрол, ХАА, дэд бүтэц, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт 1992 оноос хойш ойролцоогоор 780-аад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Турк, Монголын найрамдалт харилцааны тулгуур болсон Налайх дүүрэгт өрхийн эрүүл мэндийн төв барьж, МСҮТ-ийн гагнуурын анги байгуулах, Хуульчдын гудамжийг тохижуулах ажил зэрэг олон төслийг хэрэгжүүлсэн.




Энэ удаад Налайх дүүргийг үүсгэн байгуулахад өнөөдрийг хүртэл хүч хөдөлмөрөө зориулж яваа ахмадын хорооны байр хуучирч, тоног төхөөрөмжийн хувьд элэгдэн муудсан учир Налайх дүүргийн удирдлагуудын хүсэлтээр энэ оны 9 дүгээр сараас эхлэн тус төвийг засварлаж тохижуулан хүлээлгэж өглөө” гэсэн юм. Тэрээр, Монгол Улсын нийгмийн салбарт ТИКА-гаас хэрэгжүүлж буй хэд хэдэн төслийг ХНХ-ын дэд сайд С.Зульфикар санаачилсныг онцолж, түүнд талархал илэрхийлсэн юм.





Ахмадын өргөөний танхимын нээлтэд дүүргийн ахмадууд, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд ирсэн байлаа. Нээлтэд мөн ТИКА-гийн дэд суурин төлөөлөгч Жэйлан Атмажа, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Ахмадын хорооны дарга Н.Отгонпүрэв нарын дүүргийн удирдлагууд оролцсон юм.


 

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ