МИАТ-ын онгоц Тайландын Пукет аралд амжилттай газардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-23 13:05:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ-ийн онгоц Тайландын Пукет арлын Олон улсын нисэх буудалд энэ сарын 22-ны 13.30 цагт анх удаа амжилттай газардлаа.


Цар тахлын урт хугацааны хөл хорионы дараа Пукет ОУНБ-ын Газрын үйлчилгээний шинэ хамтрагч AOTGA усан хөшиг татан хүндэтгэлтэйгээр угтан авав. Монголын 159 зорчигч хорио цээрийн дэглэмгүй нэвтэрчээ.

 

МИАТ ТӨХК “Airmarket holiday, New Juulchin Tours, Lets Travel, Juulchin компанитай хамтран Улаанбаатар-Пукет чиглэлийн аяллын захиалгат нислэг хийсэн юм. Тус компани зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын гол бүс нутаг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот руу 12 дугаар сарын 16-аас эхлэн 7 хоногийн пүрэв гараг бүр нислэг үйлдэнэ.


Тайланд руу зорчих зорчигчид нислэг эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө вакцинд хамрагдсан тухай нотлох гэрчилгээ, гурван сарын дотор “Ковид-19-ийн халдвар авсан хүмүүс аялалд гарахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө вакцины эхний тунг хийлгэснийг батлах баримт бичигтэй байх аж.

Харин эцэг, эх, асран хамгаалагчийн хамт явж буй 12 хүртэлх насны хүүхдээс вакцинд хамрагдсан баримт шаардахгүй. Мөн аялал эхлэхээс 21 хоногоос доошгүй хугацаанд Монголд оршин суусан байх, коронавирусний халдварыг илрүүлэх PCR шинжилгээг нислэг эхлэхээс 72 цагийн дотор өгч, сөрөг хариу авсан байх юм.



Түүнчлэн, Бангкокт ирмэгц PCR шинжилгээ өгч, хариу гартал тусгайлан заасан байранд 1 хонох ба коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээний төлбөр төлсөн баримт хэрэгтэй. Буудлын талаарх мэдээллийг https://www.thailandsha.com/index цахим хуудсаас авах боломжтой. 

Холбоотой мэдээ