Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-16 14:21:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын нийслэл Анкара хотноо Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан энэ сарын 15-16-нд болж байна.


Цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан есдүгээр хуралдаанд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.


Туркийн Худалдааны сайд Мехмет Муш, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Туркийн худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийнхний харилцааг дэмжихэд анхаарч ажиллахаар тохирч, талууд хоёр талын хамтарсан ажлын баг байгуулахаар болжээ.




Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцаж, цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


Тус уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд нар Цэргийн түүх, архив, музей, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн БХЯ-ны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Туркийн ҮБХЯ-ны харьяа “МКЕ” Төрийн өмчит компани хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.


Хуралдаанд Монголын талаас ажлын багийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГХЯ-ны ОУГЭЗГ-ын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байгаа юм.


Нэмж дурдахад, Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан анх 1994 онд Анкара хотод зохион байгуулагджээ

.






Холбоотой мэдээ