“Номтой нөхөрлөхүй...” коридорын номын сан 4600 гаруй хүнд номын үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-15 13:58:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Лаборатори 1 дүгээр сургуулийн удирдлагууд Хөх хотын дунд сургуулиудаас туршлага судалж ирээд, сургуулийнхаа хоёрдугаар давхарт, багш Ц.Цэрэнбалжидын хариуцдаг уран зохиолын кабинетыг түшиглэн “Номтой нөхөрлөхүй...” коридорын номын санг 2019 онд байгуулжээ.

Тус номын сан нь тэр жилийнхээ “Бүтээлч байгууллага” аймгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Одоогоор 10000 орчим ном, сурах бичигтэйгээс гадна шатар, даам, монгол оньсон тоглоом, рубик шоо, “Баян монгол”, “Аргаль янгир”, “Миний Архангай”, “Мазаалай”, “Адал явдалт аялал” зэрэг арав гаруй нэр төрлийн тоглоом наадгайтайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.  

“Номтой нөхөрлөхүй...” коридорын номын сан нь уншигчдад ном олгохоос гадна цэцэг хэрхэн арчилж, ургуулах талаар дугуйлан, даам болон рубик шоо, “Бийрэн бичгийн дугуйлан”-г тус тус явуулж, орон нутгийн телевизтэй хамтран “Номын булан” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн тогтмолжуулжээ.   

Тухайлбал, “Номтой нөхөрлөхүй...” коридорын номын сангийн дэргэдэх “Бийрэн бичгийн дугуйлан”-г  монгол хэл, бичиг, уран зохиолын багш М.Эрдэнэцэцэг хичээллүүлж, багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.    


“Номтой нөхөрлөхүй...” коридорын номын сан сургуулийнхаа 6а, 6г, 9в, 10а, 10е, 12а, 12д ангийн тэргүүлэгч 100 орчим гишүүнтэй. Гишүүн сурагчид өдөр бүр ээлжээр уншигчдад ном олгодог байна. Номын сангийн уншигч бүр карттай бөгөөд картыг гараар хөтөлдөг аж. 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 1380 гаруй насанд хүрэгч, 3300 гаруй сурагчид ном олгож, номын сангийн үйлчилгээг хүргэсэн байна.

Цэцгийн дугуйлангийнхан багш Ц.Цэрэнбалжид багшийнхаа хамт номын сангаа болон багш нарын өрөө, хоёр давхар, 201 тоот ангийг тус тус цэцэгжүүлсэн байна. Цаашдаа цэцгийн дугуйландаа анги бүрээс сурагчид элсүүлэн сургаж, сургуулийнхаа бүх ангийг цэцэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн тус номын сан уншигчдынхаа тав тухтай байдлыг хангах, ном унших хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, хичээл, гэрийн даалгавраа тогтмол хийдэг болох, цаашлаад эх орондоо ихийг бүтээсэн, хүмүүнлэг иргэн төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, Эрдэнэбулган сумын ИТХ болон шавь нар, бусад хүмүүсийн хандивласан  мөнгөөр номын сангаа байнга тохижуулж, баяжуулдаг аж. 

Холбоотой мэдээ