Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-13 16:01:00

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Хамтарсан багийн гишүүд “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, төлөвшилтийн болон амьдрах ухааны мэдлэг чадварыг дээшлүүлэх” сэдвийн хүрээнд 1, 6, 7-р багийн иргэдэд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд Улаангом сумын 56 иргэн хамрагджээ.

“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, амьдрах ухааны мэдлэг дээшлүүлэх чиглэлээр сумынхаа гурван багийн иргэдийн дунд сургалт зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Н.Мөнхзул “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хуулийн хариуцлага” сэдвээр, аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Т.Батнавч “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр, “Ногоон хөгжлийг түгээгч” ТББ-ын тэргүүн О.Энхсаруул “Хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах” талаар мэдээлэл хийсэн. Мөн аймгийн Насан туршийн боловсрол, Хүүхэд хөгжлийн төвийн менежер Т.Тогтохбаяр “Хуримтлал” сэдвээр, аймгийн Төв номын сангийн Уншлагын танхимын номын санч Л.Алтанцэцэг “Номоор хүүхдийг хүмүүжүүлэх тухай” сэдвээр, “Гэргий ухаан” ТББ-ын тэргүүн Ж.Буд “Гэргий ухаан” сэдвээр тус тус хичээл заалаа. Цаашдаа энэхүү сургалтыг Улаангом сумын 12 багийн иргэдийн дунд ээлж дараатай хийнэ.

Энэ ташрамд сургалтад цаг заваа гаргаж хүрэлцэн ирсэн Улаангом сумын 1, 6, 7-р багийн иргэдэд болон хамтран ажилласан Улаангом сумын Соёлын төв, Улаангом сумын 1, 6, 7-р багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нарт талархал илэрхийлье” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.

Холбоотой мэдээ