АСЕМ-ын Залуучуудын чуулган онол, практикийг хосолсон үр дүнтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-09 17:58:06

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Залуучуудын Чуулган өнөөдөр хаалтаа хийлээ.

Энэ сарын 06-наас эхэлсэн уг чуулганд АСЕМ-ын гишүүн  орнуудын 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцсон юм. Чуулганаар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг хэлэлцэж, Тунхаглал гаргаж, өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт гардуулав.

Энэ үеэр Д.Ганхуяг дарга АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт нь ирээдүйн удирдагч болох залууст дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орны төрийн тэргүүнүүд хэрхэн хэлэлцэн тунгааж буйг өөрийн биеэр мэдэрч, дадлагажих боломжийг олгодгоороо онцлог хэмээгээд “Энэ удаагийн уулзалт онол, пракатикийг хослуулсан үр дүнтэй чуулган боллоо. Та бүхэн дипломат ёс, хэлэлцээр хийх арга барилд суралцаж, АСЕМ-ын гишүүг орнуудын төр засгийн тэргүүний байр сууринаас илтгэл тавьж, бусад төлөөлөгчидтэй санал бодлоо солилцсон нь хоёр тивийн оюун санааны уялдаа холбоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэж үзэж байна. Энэхүү уулзалтын ололт амжилт, дүгнэлтийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулна. Бидний ирээдүй болсон та бүхний дуу хоолойг төр засгийн тэргүүнүүд хүлээн авч, дэлхийн сайн сайхны төлөөх үйл хэрэгтээ тусган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Чуулга уулзалтыг МЗХ, ГХЯ, Ази, Европын сан хамтран зохион байгуулсан. МЗХ нь өнгөрсөн онд Азийн залуучууд зөвлөлийн Ерөнхий ассамблейн уулзалтыг эх орондоо зохион байгуулсан юм. Энэ онд АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь МЗХ-ны гадаад харилцаа өргөжин хөгжих томоохон тулгуур болж байгааг тус байгууллагын Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул онцлов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ