Ц.Батдорж: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 91 хувьтай хангаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Цаг үеийн байдлын талаар Мөнгөнморьт сумын Засаг дарга Ц.Батдоржтой
ярилцлаа.
-Мөнгөнморьт суманд газар тариалан
эрхлэлт хэр байдаг вэ? Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан байгаа юу?
-Мөнгөнморьт сумын хэмжээнд 2118 га тариалангийн талбайтай үүнээс энэ жил 750
га талбайд ногоон тэжээл, 100 га талбайд овьёос тариалсан. Энэ жилийн
ургацын урьдчилсан балансаар га-аас 34 цн ургац авах төлөвлөгөө гарсан
бөгөөд 2975 тн ногоон тэжээл, овьёос бэлтгэх тооцоотой байна. Мөн Мөнгөнморьт
суманд нэг том онцлог бий энэ нь байгалийн
хадлан сайн гардаг. Үүнийгээ малчид, ард иргэд өвлийнхөө бэлтгэлд базааж авдаг.
Өнөөдрийн байдлаар 3 багийн хэмжээнд 8000 тн хадлан бэлтгэсэн тооцоо гараад
байна. Сумын аюулгүйн нөөцөд 1000 боодол өвс, 700 боодол ногоон тэжээл байгаа
бөгөөд цаашид хивэг, хорголжин тэжээлийн нөөцөө бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ
жилийн хадлан хураалт сумын хэмжээнд сайн байсан бөгөөд өвлийг өнтэй давах нөөцтэй
байна гэж харагдаж байна. Малчдын хувьд ахуйн бэлтгэлээ сайн хангаж байгаа
бөгөөд бид түлээ түлшний асуудлыг нэгдсэн журмаар шийдэхээр ажлуудаа шат дараатайгаар
зохион байгуулж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 91 хувьтай хангаад
байна.
-Сумын хувьд ойн
сантай онцлог газарзүйн бүс нутаг. Сумын төв дээрээ ногоон байгууламжаа хэрхэн
цогцлоосон бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Мөнгөнморьт
сум дэмжин ажиллаж байна. Энэ жилээс хэрэгжиж эхэлсэн Төв аймгийн Хөдөө аж
ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрээр дайран
өнгөрөх Хэрлэн голын ай сав дагуу жимс, жимсгэний кластерийн аж ахуйг байгуулах
зорилтыг дэвшүүлэн тус аянтай уялдуулан ажиллаж байна. Энэхүү кластерийн аж ахуй хөгжсөнөөр ойн сав байгууламжийг
нэмэгдүүлэх, түүнээсээ эдийн засгийн ашиг хүртэх ач холбогдолтой гэж харж
байна. Тус ажлын хүрээнд хавар, намрын мод тарих хөдөлгөөнөөр 1750 гаруй мод тарьж суулгаад байна. Үүнээс 1200 чацарганы мод, үлдсэн нь бусад төрлийн
жимс,жимсгэний төрлийн мод байна.
-"Ковид-19" цар тахлын нөхцөл
байдал Мөнгөнморьт суманд хэр байна вэ?
-2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Мөнгөнморьт суманд анхны тохиолдол
бүртгэгдсэн. Үүнээс хойш нэлээн эрчимтэй тархалттай байсан бөгөөд өнөөдрийн
байдлаар 269 тохиолдол батлагдаад байна. Халдварын тархалтын хувьд 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр хурдацтай тархаж байсан. 5 дугаар сард өвчлөл тогтуун байсан
боловч 6 дугаар сараас өвчлөлийн хоёр дахь давлагаа эхэлсэн. 9 дүгээр сарын нэгэнд гуравдугаар
давлагаа эхэлсэн гэж үзэж байна. 4 дүгээр сард дархлаажуулалтын аяныг өрнүүлсэн.
Өнөөдрийн байдлаар сумын эрүүл мэндийн төв болон соёлын төвд 35 ор
дэлгэн ажиллаж байна. Эм тарианы хангамж сайн байгаа. Сумын иргэн бүр өөрсдийн
биеийн байдалдаа хяналт тавьж дархлаагаа дэмжиж байна.