Д.Жаргалмаа: Суулгасан 3500 гаруй мод 80 хувийн ургалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-26 18:53:46

Төв /МОНЦАМЭ/ Цаг үеийн байдлаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Д.Жаргалмаатай ярилцлаа

-Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг Дэлгэрхаан сум хэрхэн хангасан бэ?

-Манай сум Төв аймгийн баруун урд захад оршдог тал хээрийн сум. Сумын үндсэн үйлвэрлэл мал аж ахуй. Энэ жилийн хувьд бороо хур элбэгтэй зуншлага сайхан болсон учир 300 гаруй өрхийн 157000 толгой мал нутагтаа өвөлжих төлөвтэй байна. Малчид нэг үеэ бодвол аргал хомоол, таана халгай түүж, давс хужир нөөцөлж, хадлан тэжээл бэлтгэн өөрсдийн хотонд өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаж байна.

Мөн мал сүргээ вакцин, тарилга, туулга угаалгад бүрэн хамруулсан. Манай сумын хувьд малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс байгаа. Хил залгаа сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өөр аймаг, сумдаас отор нүүдэл оруулахгүй байх сумын Засаг даргын захирамж шийдвэр гаргаад байна.

-Төв суурин газрын өвөлжилтийн талаар?

-Төв суурийн газрын өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд засвар үйлчилгээний ажлуудаа бүрэн хийж дуусгасан. Улсын хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, ОНХС-гийн хөрөнгөөр эхийн амрах байр барьж ашиглалтад шинээр оруулан төвлөрсөн халаатад холбосон. Мөн хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж, ЗДТГ-ын барилгын дээврийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Манай сумын хувьд төвлөрсөн халаалттай учир төсөвт байгууллага аж ахуйн нэгж, айл өрхийн халаалт 9 дүгээр сарын 15-наас хугацаандаа эхэлсэн. Одоогоор "Анусервис" ХХК 250 тн буюу гурван сарын  түлшний нөөцтэй байна.

-Саяхан шинэ сургуулийн байрны нээлт болсон. Дэлгэрхаан суманд сүүлийн үед бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа харагдсан?

-Тийм. Манай сумын 100 жилийн ой 2023 онд болно. Сум байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж 2021-2023 онд хийх 100 бүтээлч ажлын төлөвлөгөөг боловсруулан сумын ИТХ-аар батлуулсан. Тус ажлын хүрээнд 2021 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Улсын хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн хүчин чадалтай 2 давхар сургуулийн барилга барьж сая ашиглалтад орсон. Мөн ЭМТ түргэний автомашинтай болсон. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлж байна.

Энэ жил аймгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэгийн засварын ажил, залуус хорооллын гудамжны гэрэлтүүлэг, цэцэрлэгийн цэвэрлэх байгууламжийн ажил, бэлчээрийн худаг гаргах, сумын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлуудыг хийсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 73,0 сая төгрөгөөр нэгдсэн Үйлчилгээний төвийг засварлаж ашиглалтад оруулсан. Энэхүү ажил нь иргэдийг ажлын байраар хангах,  өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Төрөх эхчүүдийн ая тухтай байдлыг хангах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд ОНХС-гийн 43,0 сая төгрөгийн санхүүжилтээр Эхийн амрах байрыг шинээр барьсан. Сумын үндсэн үйлдвэрлэл МАА учраас малчдын амьжиргааны эх үүсвэр болох малын үүлдэр угсааг сайжруулах, нэг малаас гарах ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх шаардлага байна. Иймээс бид ОНХС-гийн хөрөнгөөр сайн үүлдэр угсааны хээлтүүлэгч авч малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг хийж эхлээд байна. Мөн цаашид энэхүү ажлыг үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байна.

-Дэлгэрхаан суманд ногоон байгууламж хэр байна вэ? Хөрсний байдлыг харвал элсэрхэг байсан хэдий ч мод сайн ургалттай байгаа харагдсан?

-Тийм ээ. Дэлгэрхаан сумын хувьд тал хээрийн сум бөгөөд хөрсний хувьд мод бут, сөөг тарих, газар тариалан эрхлэхэд тийм ч тохиромжтой биш. Гэхдээ бид тарьсан модныхоо арчилгааг сайтар анхаарч байгаа учраас модны ургалт, өсөлт, бойжилт бидний нүдэн дээр эерэг өөрчлөлттэй байгааг харах сайхан байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын  санаачилсан “Эко Төв айиаг-Эко өдөр” аяныг дэмжин суманд 2021-2023 онд хэрэгжүүлэх Ногоон сум аяныг зарлаж хавар, намрын 2 удаагийн тарилтаар 3500 гаруй мод суулгац тарьж, тарьсан модны ургалт 80 гаруй хувьтай байна. Энэ аянд нутгийн уугуул суугуул иргэд, нэг үеийн төгсөгчид, ААН байгууллага, айл өрхүүд маш идэвхтэй оролцсон.

-Сүүлийн үед хийж буй ажлуудаас дурдвал?

-Сумын ИТХ-аар “Тохилог хашаа-Цэвэр гудамж” болзолт уралдаан зарлаж, энэ ажлын хүрээнд айл өрх бүр өөрсдийн хашаа хорооны өнгө үзэмжийг сайжруулах, булан тохойг тэгшилж янзлах ажлуудыг хийж эхлээд байна. Мөн энэ аяны хүрээнд иргэддээ ОНХС-гаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Мөн сумын хөрөнгө оруулалтаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төвийг камержуулах ажлыг хийгээд байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Холбоотой мэдээ