Цагаан-Уул, Шинэ-Идэр суманд мэс заслын тусламж үзүүлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-26 16:49:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-идэр суманд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого зорилтыг хэрэгжүүлж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний шинэ, технологийг нэвтрүүлэх зорилгоор мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Тус арга хэмжээний хүрээнд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар хангаж, ажиллах мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч, туслах сувилагч нарыг улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажлын байрны дагалдан сургалтад хамруулан сургаж чадваржуулсан байна.


Цагаан-Уул суманд АШУҮИС-ийн багш, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, Мэс заслын эмч О.Сэргэлэн, АШУИС-ийн багш, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор профессор, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Л.Ганболд, АШУҮИС-ийн багш, Хүний гавьяат эмч, Мэс заслын эмч С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй баг, аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн эмч, мэргэжилтнүүд ажлын байрны дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа. 


Энэ үеэр цөсний хүүдийн эмгэгтэй хоёр, ивэрхийн эмгэгтэй нэг хүнд төлөвлөгөөт хагалгааг хамтран хийж, яаралтай мухар олгойн үрэвсэлтэй нэг,  хоёр настай хүүхдийн хамарт орсон гаднын биетийг авах тусламжийг амжилттай үзүүлсэн байна.

Ийнхүү алслагдсан сумын иргэд мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, иргэдийн эрүүл мэнд, цаг хугацаа, эдийн засгийн хүндрэлийг бууруулах боломж бүрдэж байгаад орон нутгийн иргэд талархаж байлаа.

 

Холбоотой мэдээ