Өөлдийн хүрээ хийд, шашин соёлын өв уламжлалыг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-26 16:10:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд энэ онд Ганданпунцоглин хийдийг шинээр байгууллаа. 

Нутгийн иргэд, сүсэгтэн олны хандив дэмжлэг бүхий 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан Их таван шүтээний номын өргөө болох “Ганданпунцоглин хийд”-ийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 20, 21-ний өдөр болсон юм. Улмаар хийдийн хашаанд мод тарих ажил эхэлсэн байна. 

Тус хийдэд энэ сарын 28-ны өдрөөс эхлэн Б.Соёл-Эрдэнэ тэргүүтэй лам нар шашин-номын үйл ажиллагаа явуулах юм.

Өөлдийн хүрээ хийд, шашин соёлын өв уламжлалыг сэргээх зорилго дэвшүүлж, Өөлдийн Их таван шүтээн гэх бурхны эх хувийг нутагтаа залснаараа энэ хийд онцлогтой. Мөн тус хийдэд 30 гаруй бурхан шинээр залжээ.


Өвөг дээдсээс уламжлан ирсэн шашны зан үйл болох “Таван шүтээн тахих ёслол”-ыг Эрдэнэбүрэн сумынхан зохион байгуулж ирсэн уламжлалтай.  

Өөлдүүд хятадуудтай дайтаж явахдаа арван шүтээнээ авч явжээ. Тэгээд хүний олонд хүчин мөхөсдөөд эргэж явахдаа Архангайн Өлзийтэд нэг хэсэг нь үлдэж, бусад нь цаашаа явж Говь-Алтайн Шаргад зарим нь хоцорч, үлдсэн хэсэг нь Ховдод иржээ. 

Энэ үед Өөлдийн ноён ах дүү Дамбий гүн Дагдан бэйс гэж байсны дүү Дагдан бэйсийнхэн Архангайд үлдэж /арван сахиусын хамт/ ах Дамбий гүнийхэн Ховдод ирж нутагшив. 

Хэдэн жилийн дараа Дамбий гүн дүүдээ элч илгээж арван шүтээний ахмад тавыг нь ахдаа өг гэжээ. Тэр ч зөвшөөрчээ. Ингээд Дамбий гүнийхэн ирж бурхдаа авахаар урьд өдөр нь даатгал хийж ном уншжээ. Өглөө нь Лхам, Гомбо, Чойжоо, Намсрай, Жигжид гэсэн таван бурхан баруун тийш харсан байсныг Дагдан бэйсийнхэн сэм Жигжид бурхныг өөрийн тал руу харуулаад тавьжээ. Ингээд л дөрвөн бурхнаа авч явсан хэрэг. Тэр үед Ховдод байсан Барь-хамба өөрийн Жигжид бурхнаа өгч таван шүтээн бүрэн болсон гэж зарим иргэд хуучилдаг. 

Өөлдийн таван шүтээн нь нэг үе Шар сүмд залагдаж байгаад одоогийн Ховд сумын нутаг “Хорчингийн хойд” хөвөөн дээр /Эвдэрхийн урьд/ байдаг дуганд байжээ. Тэр дуган нь том модон гэр дотор хивсэн бүрээстэй байсан. Тэр хивсэн бүрээсний зургийг Хайнзан гэдэг лам гаргаад, Лхамсүрэнг залан Үрэмчид захиалж хийлгээд авчирсан гэдэг.

Таван шүтээнийг Шагдаржавын Чулуун гэдэг хүн хурааж аваад /1937-1938 оны үед/ тэр хүнээр дамжин Улаанбаатар хотод ирсэн. Гандан хийдэд хурал ном сэргэхэд Эрдэнэпил хамба тэр таван шүтээнийг үзээд /музейд ч байсан байж магадгүй/ авъя гэсэн. Тэгээд тусгай зөвшөөрөл авч, гандангаас Галосарид, Галсан гэдэг хоёр лам явж авчирсан гэж зарим эх сурвалжид бичжээ.    

 

Холбоотой мэдээ