Монголоос гарч буй нүүрсийг Ганцмод боомтод БНХАУ-ын талд шилжүүлэн ачна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2021-10-21 16:29:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Тяньжин боомтод гацаад буй 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг БНХАУ-ын талд тавьсан талаар өнөөдөр ЗТХЯ-нд болсон хэвлэлийн хурлын үеэр тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур мэдээллээ.




Энэ сарын 18-нд ЗТХ-ийн сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзахдаа хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн хурдан авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах талаар ярилцжээ. Түүнчлэн хоёр тал нүүрс тээвэрлэлтийн талаар санал солилцсон байна. Хилийн зарим боомтод хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Монголоос ирж буй нүүрсийг Ганцмод боомтод Хятадын гал тэргэнд шилжүүлэн ачихаар болжээ. Олон улсын ачаа тээврийн харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээж авч байгаа тал нь ачдаг зарчмаар БНХАУ-ын талд шилжүүлж буй талаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан мэдээллээ.




Тэрбээр, “Манай улс БНХАУ-тай хилийн 8 боомтоор харилцдаг. Өнөөдөр 4 нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байгаа. Гашуунсухайт боомтод хатуу хяналт дор халдвараас сэргийлж чадаж байсан ч 6 дугаар сард халдварын тархалт нэмэгдсэн. Жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй байсан. 1700 орчим хүнийг 3 удаагийн шинжилгээнд хамруулж халдвараа хумьж ногоон бүс болгосон. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдэж өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ" гэв.

Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд одоо явж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байгааг мөн мэдээлэв.

Холбоотой мэдээ