“Дубай ЭКСПО-2020” дахь Монголын павильонд АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-21 14:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулж буй “Дубай ЭКСПО-2020”-д Монгол Улс оролцож байна. Тус үзэсгэлэн ЭКСПО дахь Монгол Улсын павильонд Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум өчигдөр зочилжээ. Монголын павильоноор зочлох үеэр МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга Монголын Үндэсний музейгээс аваачсан үзмэрүүд, Монгол Улсын номын сангийн бүтээл, идлэг шонхорын баримал болон хүннү загварын шатрыг танилцуулж, дурсгалын бэлэг гардуулсан байна.




Монгол Улс АНЭУ-ын Дубай хотноо зохион болж буй “Дубай ЭКСПО-2020” дахь павильоноо төв Азийн түүх, соёл, өвөрмөц орчныг тусган тохижуулаад байгаа юм. Монголын павильоноор өдөрт 800 гаруй хүн зочилж, мэдээлэл авч байна. Ташрамд мэдээлэхэд, ирэх сарын 16-нд ”Монголын Үндэсний өдөрлөг” зохион байгуулж, өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн сарын 17-нд Монгол Улсын хөрөнгө оруулалтын бизнес форум болно. “Abu Dhabi Hall”-д болох форумаар гадаадын төлөөлөгчдөд Монгол Улсаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг танилцуулах юм. Энэ үүднээс МҮХАҮТ-аас Дубай хотноо болж буй “Дубай ЭКСПО-2020”-той танилцах, мөн хөрөнгө оруулалтын бизнес форумд оролцох бизнес аяллыг зохион байгуулж буй талаар мэдээллээ. 



Холбоотой мэдээ