“АРДЫН ЭЛЧ”-ИЙГ ОНЦОЛЖ БУЙ 13 ДАХЬ КИНО НААДАМ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-10-19 16:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Бүх талаар Холливудын түвшний кино дэлхий нийтээр давамгайлах болсон энэ цагт театрууд ч мөн кино урлагт харгис хандах болсон. Үзэгчдийн оролцоогүйгээр зарим нь “Энэ киног чинь хүмүүс үзэхгүй ээ” гэж продюсерт хэлж орхиод аль болох цөөхөн цаг гаргана. Сайн киног хүмүүс театраас үзэж чаддаггүй нь үүнтэй холбоотой. Ер нь Монголын кино урлагийн дор орох түвшин үүнээс эхэлсэн байж ч болох юм. Энэ цэг дээрээс уруудах түвшин дахин лав үгүй. Ер нь бусдад гоё харагдах гял цал уран бүтээлүүдийг хэчнээн ч үйлдвэрлэж хэдэн төгрөг олох нь бусдын хэрэг. Гэвч нийтээрээ энэ л сэтгэхүйтэйгээ үйлдвэрлэл явуулчихаад үүнийг кино урлаг гэж тунхаглаад байвал хаа хүрэх билээ. Уруудах замгүй хамгийн дор түвшинд очно гэсэн үг. Гэтэл сүүлийн жилүүдэд тэс өөр жанрын, томоохон судлаачдын “энэ бол кино” гэж нэрлэх болсон бүтээлүүдийг театр, өргөн дэлгэцээр үзүүлдэг “Алтан хальс”, “Улаанбаатар” олон улсын кино наадмууд бий болсон нь нэн олзуурхууштай.


Энэ жил цар тахлын нөлөөгөөр хөл хорио үүсч кино зураг авалт, урлаг соёлын ихэнх үйл ажиллагаа зогссон билээ. Ямартаа ч “Улаанбаатар” олон улсын кино наадам тасралтгүй 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил л гэхэд С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийж байсан бол энэ онд гадаад хэл дээрх кино сонгосон нь онцлууштай үйл явдал байв. Учир нь Финляндын найруулагч Юухо Куосманений “Зургаадугаар бүхээг” киног үзэгчдэд толилуулснаар “Улаанбаатар” олон улсын кино наадам 2021 оны нээлтээ хийв. Тус кино нь нууцлаг дурлалын харилцаанаас зугтсан Финлянд бүсгүй Москва хотоос галт тэргэнд сууж Мурманск хотын сүг зураг үзэхээр галт тэргэнд суухдаа зургаадугаар бүхээгт нэгэн уурхайчин залуутай учирч буй тухай өгүүлнэ. Гол нь киноны төгсгөлд монгол дуу эгшиглэж байсан нь үзэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн болов уу. Тийнхүү Финлянд киноны төгсгөлөөс монгол хөгжим, дуу дуурьсахыг үзэгчид баясан анирдсанаар кино наадам эхэлсэн билээ.


Улаанбаатар кино наадмын энэ оны хөтөлбөрт “Нээлтийн киноны уралдаан”, “Монгол киноны уралдаант болон онцлох орон ОХУ-ын үзвэр, Олон улсын кино үзвэр” ба “Үзэхийн хязгаар” зэрэг хэсгүүд багтсан юм. Наадмын хүрээнд 2020-2021 онд бүтээгдсэн Монгол, Орос, Франц, Герман, Иран, Малайз, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 12 улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлж бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг бэхжүүлэх сургалтыг тус тус зохион байгуулахаар болжээ.


Ийнхүү тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зарим зочдын сэтгэгдлээс уншигчдадаа хүргэж байна.


-МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ОДГЭРЭЛ-


-Энэ жил “Улаанбаатар” олон улсын кино наадмын постерыг харахад нэрт найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино харагдаж байна. Энэ киног сонгох болсон олон шалтгаан бий болов уу?


-Тийм. Кино наадмын “постер”-ын онцлог, ерөнхий агуулга нь “Ардын элч” киноны гол дүр болох Ариунаа болон түүний хүүхдийг дүрсэлсэн байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ жил ОХУ болон манай орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна. Тиймдээ ч энэ удаагийн кино наадмын онцлох орноор ОХУ-ыг сонгосон. Мөн “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон П.Цэвэлсүрэн 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртсэн байдаг. Ийнхүү бидэнд анх удаа олон улсын статусыг авчирсан бүтээл учир “Үзэхийн хязгаар” хэсгийн нүүр царай болгож сонгосон.


-“Үзэхийн хязгаар” хэсгийг өнгөрсөн жилээс санаачилсан болов уу?


-Уг хэсгийг бид Монголын кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн өнгө төрхийг урлаж, зам мөрийг бий болгосон шилдэг уран бүтээлүүдийг гаргаж байхаар шийдэж санаачилсан юм. Өнгөрсөн жил гэхэд “Говийн зэрэглээ”-г үзүүлсэн бол энэ жил “Ардын элч”-ийг сонгож англи хадмалтай, кино театрт үзүүлж буйгаараа онцлогтой.


-ОХУ-ыг онцлох орноор хэрхэн сонгосон талаар дээр цухас өгүүлсэн. Энэ тухай дэлгэрэнгүй дурдвал...


-Гол нь 100 жилийн ойтой холбогдуулан сонгосон. Үүнээс гадна манай үзэгчид ч тус улсын найруулагчдад дуртай, уран бүтээлийг нь шимтэн сонирхдог. Басхүү “Улаанбаатар кино наадам”-ын хүрээнд ОХУ-ын найруулагч Кирилл Серебренников, Андрей Звягинцев нар өөрсдийн бүтээлээрээ “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг удаа дараалан авцгааж байсан. Тиймдээ бид тус улсыг онцлох орноор сонгож буйдаа туйлын баяртай байна.


-Нээлтийн үзвэрт Финлянд найруулагчийн “Зургаадугаар бүхээг” киног сонгосон байсан. Өмнө бол монгол уран бүтээлүүд гардаг байсан шүү дээ. Яагаад тэр юм бол?


-Энэ их учиртай. Яагаад гэвэл цар тахлаас үүдээд кино зураг авалт хийх нөхцөл боломжгүй байсан учраас ч тэр үү, энэ онд “Монголын уралдаант хэсэг”-т төдийлөн сайн бүтээлүүд ирээгүй. Тиймээс бид шударга байх үүднээс нээлтийн үзвэртээ гадаад хэл дээрх киног сонгож “Хангарьд” уралдаант хэсгээ цуцалсан. Харин монгол киноны уралдаант хэсэгт ирсэн бүх бүтээлийг кино үзвэртээ оруулан үзэгчдэд толилуулж байгаа.

 

-“АЛСЫН УДИРДЛАГА”, “ХЭВТРИЙН ХҮН” ЗЭРЭГ КИНОНЫ НАЙРУУЛАГЧ С.БЯМБА-




-Та нэрт найруулагч Д.Жигжид агсны тухай баримтат кино хийж байсан хүн. Өдгөө Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор уран бүтээлийг нь театрын тайзнаа үзэх гэж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?


-“Ардын элч” кино бол ардчилал бий болтол улсаас санхүүжин хийгдэж байсан монгол киноны түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүтээл. Жүжигчин нь Москвагийн кино наадмаас мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Тиймээс ч “Улаанбаатар” кино наадмын “Үзэхийн хязгаар” хэсэгт сонгогдож театрын дэлгэцээр нэрт найруулагч Д.Жигжид агсны кино гарах болсонд туйлын баяртай байна. Өөрөө ч найруулагчийн баримтат киног хийж байсан болохоор баяр баясгалан төрөх нь аргагүй биз ээ.


-Та ОХУ-д суралцаж байсан. Энэ удаад наадмын онцлох орноор нэрлэгдсэн байна...


-Тийм. Мэдээж хэрэг дэлхийн киноны түүхэнд нэр нь бичигдэх ёстой улсын нэг бол Орос орон мөн. Өөрсдийн гэсэн арга барилтай, том “школ” бий болгосон, хүчирхэг найруулагчидтай улс. Яахав, манай үзэгчдийн дунд орос кино бол ихэвчлэн цэрэг дайны сэдэвтэй гэсэн нэг тийм түгээмэл ойлголт бий. Гэхдээ дотроо бол их олон янз бий. Ямартаа ч ардчилал руу шилжсэн Оросын үеийн кинонуудыг манай үзэгчид харьцангуй бага үзсэн шиг санагддаг. Энэ улсын найруулагчид үргэлж хүчтэй байсаар ирсэн, олон улсын кино наадмуудаас байнга шагнал авч байгаа нь харагддаг. Би өөрөө тэр улсад сурч байсан болохоор ч тэр үү, энэ удаад “Улаанбаатар кино наадам”-аар гарах орос кинонуудыг маш их хүлээлттэйгээр үзэх гэж байна.


-Монгол кино хөтөлбөрийн тухайд таны сэтгэгдлийг хуваалцах нь зөв болов уу?


-Өнгөрсөн жил “Хөхөө”, “Эмэгтэй”, “Гэргий” зэрэг сайн бүтээлүүд тус наадамд өрсөлдсөн. Харамсалтай нь энэ жил цар тахлын нөлөөллийн улмаас цөөхөн бүтээл ирсэн бололтой. Дараа жилээс улам сайжрах болов уу гэж харж байна.


“Улаанбаатар” кино наадмын “Хангарьд” буюу Монгол киноны уралдаант хэсгийн гурван удаагийн "Гранпри" шагналын эзэн, найруулагч Ж.Сэнгэдорж




-Энэ жилийн кино наадмын “Монгол киноны хөтөлбөр”-т багтсан бүтээлүүдийн тухай яриач?


-Кино наадам маань цар тахлын хүндхэн нөхцөл дунд зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь ариутгал хийх, суудал хоорондын зай барих зэрэг дэглэмийг баримталж хооронд нь уялдуулан сайтар зохион байгуулж байна. Энэ нь уран бүтээлч бидэнд маш том өгөөжтэй ажил юм. Түүн дотроос  “Монгол” кино хөтөлбөрт манай нэрт найруулагч Д.Жигжид гуайн “Ардын элч” болон шинэ залуу уран бүтээлчдийн “Гэгээн учрал”, “Цасан хүн” гээд олон бүтээлүүд гарах болсонд баяртай байна. Би өмнө нь үзэж байсан “Z.OE 41” анатолог цуврал мөн багтсан байна билээ. Тэр бол их сайхан кино гэж дүгнэсэн.


-Таны бүтээлүүд өрсөлдөж байгаагүй жил их ховор болов уу?


-Ер нь бол миний кино энэ наадамд сойгдоогүй жил их ховор. Кино хийсэн бол үргэлж л өгдөг юм. Учир нь олон улсын кино наадам гэдгээрээ их онцлогтой, уран бүтээлчдэд томоохон дэвшил болж өгдөг байхгүй юу.


-Энэ жил ОХУ онцлох орноор нэрлэгджээ. Танд хамгийн их хүлээлт үүсгэсэн ямар кино байна вэ?


-Бидний үеийнхэн гэлтгүй багш нар маань хүртэл орос “школ”-той хүмүүс. Тэр утгаараа орос кинонууд яагаад ч юм их ойр санагддаг. Ихэнх улс киноны хувьд “холливуджих” гэх хандлага руу түрэмгий орчихсон. Орос улс харин хүчтэй найруулагчидтай орон болохоор тэрхүү алдаагаа засаад авчихсан улс гэж боддог. Өөрийн гэсэн давтагдашгүй чанар, онцлогийг алдаагүй нь гайхалтай санагддаг. Дээр нь Засгийн газар нь кино урлагаа баруун гартаа авч дэмжсэн. Ингэснээр миний одоо үзэхийг хүлээж буй эдгээр мэргэжлийн уран бүтээлүүд бий болсон байх. Миний хувьд Кирилл Серебренников найруулагчийн “Петровын томуу”, Филипп Юрьев найруулагчийн “Халимч хүү” кинонуудыг л хүлээж байна даа. Бусдыг нь ч гэсэн үзнэ. 


Нээлтийн үйл ажиллагааны зургуудаас |










ГЭРЭЛ ЗУРГИЙГ | Б.ЧАДРААБАЛ


Холбоотой мэдээ