Лаосын шигшээ баг Төв аймаг дахь бэлтгэлийн баазад байрлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-18 17:59:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хорин гурав хүртэлх насны Ази тивийн АШТ-ний урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолт Монголд болно. Уг хэсэгт Монгол, Тайланд, Малайз, Лаосын шигшээ багууд багтсан юм.


Тэмцээн 10 дугаар сарын 25-31-нд Улаанбаатар хотод МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд оролцох багуудаас Лаосын шигшээ баг хамгийн түрүүнд ирж, Төв аймаг дахь МХБХ-ны шигшээ багуудын бэлтгэлийн төвд байрлаж байна. Лаост одоогоор +30 хэмийн халуун байгаа учраас манай орны цаг уурт дасах хугацаа шаардлагатай байгаа юм.


МХБХ-ноос цар тахалтай үед дотоодын тэмцээнүүдээ амжилттай зохион байгуулж буй туршлага дээрээ үндэслэн тивийн хэмжээний тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу тэмцээнд оролцох багууд “Bubble” гэгддэг хатуу тусгаарлалтын дор бэлтгэлээ базааж байгаа юм.



Манай улсын 23 хүртэлх насны шигшээ баг энэ сарын 7-ны өдрөөс бэлтгэлээ хийж эхэлсэн.  Шигшээ багт дуудагдсан Унгарын Пушкаш академиас Словакийн Комарно клубт зээлээр тоглож байгаа Г.Ганбаяр шигшээ багтаа пүрэв гарагт нэгджээ.


Монголын шигшээ баг 10 дугаар сарын 25-нд Тайланд, 28-нд Малайз, 31-нд Лаосын шигшээ багтай тоглоно.




Холбоотой мэдээ