Химийн салбарын 15 чиглэлд хийсэн судалгааны шинэлэг үр дүнг хэлэлцэж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-10-14 18:35:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “ICCIUNR-2021" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ. 


ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 1999 оноос “Байгалийн нөөцийн химийн судалгаа ба ашиглалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 4 жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 5 дахь удаагийн хурлыг “Хими-тогтвортой хөгжлийн хурдасгуур" уриан дор  цахимаар зохион байгуулж байна.


Хурлыг Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын ШУА болон Хими, химийн технологийн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн 70 насны ойд хүндэтгэл илэрхийлэн, түүний нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог юм.


Эрдэм шинжилгээний бага хуралд Япон, БНХАУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Дани, БНСУ, Казахстан, Энэтхэг, Монгол зэрэг 10 орны 150 гаруй эрдэмтэн судлаач оролцож, химийн салбарын 15 чиглэлийн хүрээнд хийсэн судалгааны ажлын шинэлэг үр дүнг хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.  Хурлын эмхэтгэл “Springer Nature”-д бүртгэлтэй “Atlantis Press” шинжлэх ухааны салбарын дэлхийн томоохон хэвлэлийн газар хэвлүүлж байгаа нь энэхүү хурлын олон улсын түвшний цар хүрээг харуулж байгаа юм.  


Тус хурлыг нээж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлж тэгш ой нь тохиож байгаа салбарын эрдэмтэн, судлаач нарт баяр хүргэж, олон улсын хуралд амжилт хүслээ.


Улмаар академич Т.Ган-Эрдэнэ Химийн салбараас төрсөн нэрт эрдэмтэн Д.Рэгдэлийн 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн илтгэл тавьсан юм.


 Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ, “Энэхүү  хуралд мэндчилгээ дэвшүүлсэн  БСШУ-ы сайд Л.Энх-Амгаланд талархаж байна. Энэ ташрамд хэлэхэд, Л.Энх-Амгалан  бол Монгол Улсын төрийн эрдэм шинжилгээний байгууллагууд,  бүх хүрээлэнгээр биечлэн орж,  эрдэм шинжилгээний ажилтны судалгаа бүтээлтэй биечлэн танилцаж, тэрнийгээ үндэслэж шийдвэр гаргаж байгаа анхны сайд  гэж  бид үзэж байгаа. Шинжлэх ухааны ойрын ирээдүйн зам нэлээд дардан харагдаж байна. Учир нь салбарын сайд  эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгийн бодит амьдралтай танилцсаны дараа Засгийн газрын тогтоол гаргуулж чадлаа. Энэ тогтоол бол 1991 оноос хойш шинжлэх ухааны салбарт гарч байгаа анхны цогц тогтоол.  Энэхүү  цогц тогтоол хэрэгжээд ирэхээр манай эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин сайжирна” гэлээ.  


Тус хурал маргааш өндөрлөнө.



 

Холбоотой мэдээ