Музейн сан хөмрөгөө баяжуулсан өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-13 22:23:57

Завхан/МОНЦАМЭ/. 2021 оны Отгонтэнгэр уулыг тахих Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн музейд заллаа.

Намрын адаг сарын шинийн наймны билигт сайн өдөр аймгийн Музейд эрдэнийн сан хөмрөгөө баяжуулсан сайхан өдөр байлаа. Тухайлбал энэ өдөр 2021 оны Отгонтэнгэр уулыг тахих Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг музейн сан хөмрөгт хадгалуулахаар аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон орон нутгийн удирдлагууд зарлигийг хүлээлгэн өглөө.

Мөн Дилов хутагтын шавь, бурхны номын дээд гэгээрэлд хүрч жанч халахдаа самади бясалгалд 25 хоног байж шидийг үзүүлсэн ариун хувраг, олондоо Амангаа хэмээн алдаршсан Чойжилын Ренчинсүрэн гуайн чандар бүхий суварга, бурханчлан бүтээсэн хөргийг хүлээн авлаа. Мөн түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг аймгийн музейн Хутагтуудын танхимд заллаа. Амангаа гэгээнтний ариун номын зам мөр Завханчууд бидний оюун санааг мөнхөд гэгээрүүлж байх болтугай гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв.

 

Олноо “Амангаа” хэмээн алдаршсан монгол лам

Амьсгал хураасны дараа 25 хоног бясалгал хийсэн. 104 насалсан монгол лам Ренчинсүрэн гэж хэн бэ?

Тэрбээр Сайнноён хан аймгийн Хошуучбэйсийн хошуу одоогийн Завхан аймгийн Цагаанчулуут сумын хойд дэнж дээр 1911 оны гуравдугаар сарын зургааны өдөр ард Чойжилын хүү болон мэндэлжээ. Ренчинсүрэн нь долоон настайдаа Цагаанхайрхан сумын дуутын хүрээнд Лхарамба, Дооромбо, Аграмба мяндагтай авралч, гүрэмч, эмч Гинжаа ламын шавь болж бурхны ном үзэж эхэлжээ. Тус хүрээнд 19 жил шавилан суусан бөгөөд 17 настайдаа Ламирам умзад болж, 22 настайдаа дом тавьж, 26 насандаа эгэл хар хүн болсон байна.


Дилов хутагт Жамсранжавын ойрын шавь байсан Ренчинсүрэн нь Монголд 1990-ээд оны эхээр ардчилал өрнөж тавиад жилийн дараа шашин шүтэх эрх чөлөөтэй болоход хуучин лам хувраг байсан өвгөдүүд номын хувцсаа өмсөн, сахил санваараа сэргээсэн байна. Тэрээр мөн адил лам хувцсаа өмсөн Зүүнхүрээ Дашчойлон хийдэд суун хурлын лам, Их гэсгүй, Ловон хэргэм зэрэгтэй болж олноо Амангаа лам нэрээрээ алдаршсан байна. 2014 оны морин жилийн хаврын илүү дунд сарын шинийн 16-нд дүрс лагшингаа номын агаарт хураасан. Амьсгал хурааснаас хойш 25 хоног түгдэм сууж самади бясалгал үйлдэн номын ёсны зохих шинж тэмдэг нь илэрч, 26 дах өдөр Гүнжийн ам хэмээх газар бурхны шашны зан үйлийн дагуу хайлуулсан.

Хүний амьдралын хамгийн чухал гурван үе шат бол төрөх, үхэх зуурдын үе шат юм. Энэ гурван үе шатанд эгэл буюу энгийн оюун ухаан оршдоггүй. Харин нарийн оюун ухаан оршдог гэж үздэг. Энэ чухал үе шатыг гэгээрэх зам мөрд урвуулах бясалгал бол зөвхөн бурхны шашинд байдаг. Үхлийн үе шатыг найм хуваадаг. Эхний дөрвөн үе шат буюу бүдүүн дөрвөн үе шатыг бясалгах аргыг судрын зам мөрд заасан байдаг. Харин нарийн дөрвөн үе шатыг бясалгах арга замыг тарнийн ёсонд заадаг.

Орчин үеийн шинжлэх ухаанд хүн амьсгал хурааснаар үхлээ гэж үздэг бол Бурхны шашинд амьсгал хурааснаас хойш найман үе шат хүртэл үхэл явагдана гэж үздэг. Тэр үе шат өнгөртөл хүнийг үхсэн гэж үздэггүй учиртай. Энэхүү нарийн дөрвөн үе шатны бясалгалыг бурхны шашны бясалгал хийдэггүй энгийн хүн хийх ямар ч боломжгүй юм. Тэгвэл олноо Амангаа хэмээн алдаршсан Чойжилын Ренчинсүрэн гуай бол амьсгал хурааснаас хойш 25 хоног сууж бясалгал хийсэн. Энэ нь сүүлийн зуун жилд Монголд нэг, Төвөдөд нэг удаа тохиолдсон явдал гэж Далай багш айлдсан хэмээн түүний хүү Оргиохүү гуай хэлж байсан юм. Үүнийг одоогийн шинжлэх ухаан ч тайлбарлаж чадаагүй. Харин бурхны шашинд түүнийг тарнийн бясалгалд төгс суралцсан Бодисадва буюу хувилгаан хүн байсныг илтгэж буй. Тиймээс Амангаа ламын үр ач шавь нарын тавьсан саналын дагуу Амангаа ламын хөрөг дүрийг уламжлалт шүтээн зургийн аргаар тиг номын дагуу даавуун дээр шороон будгаар 48х67 хэмжээтэйгээр бурханчлан бүтээх хувь надад тохиосон юм. Монгол түмэн минь өвчингүй эрүүл, зовлонгүй амар амгалан, санасан сэдсэн үйлс нь дэлгэрч, эд баялгаар бялхан, урт удаан насалж, ган зуд, гал усны аюулгүй, төгс гэгээрэлд хүрч хамаг амьтны тусыг хур мэт буулгах болтугай гэж бурхан урлаач З.Энхтайван нүүр номдоо өгүүлснийг дуулгая.

Холбоотой мэдээ