Олон улсын охидын өдөрт зориулан “Бүүвэй-Бүү айг” суулт хийж байна

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2021-10-11 12:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын охидын өдөр өнөөдөр тохиож байна.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхаглажээ.

 

Эл өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

 

Цар тахлын улмаас суралцах, ажиллах, бусадтай харилцахын тулд хүмүүсийн цахим орчинд өнгөрүүлэх цаг эрс нэмэгдээд байна. Гэвч дэлхий дахинаа 25-аас доош насны 2.2 тэрбум хүн гэрээсээ интернэтэд холбогдох боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн ихэнх нь охид байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ. Охид технологийн салбарт ажиллах боломж, тус салбарыг сонгох нь хөвгүүдээс хэд дахин бага байдаг нь цахим хэрэгслийн хүрэлцээтэй холбоотой хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан тайлбарлажээ. Тиймээс охидыг цахим хэрэгслийг ашиглан бусадтай харилцах, асуудлаа шийдвэрлэх боломжийг олгохыг уриалан энэ жилийн Олон улсын охидын өдрийг “Бидний үе-Дижитал үе” гэсэн уриан дор зохион байгуулж байна. 

 

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос эл өдөрт зориулан бага насны охидын эсрэг үйлдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр “Бүүвэй-Бүү айг” суултыг төв талбайд хийж байна. Хаалттай хаалганы цаана бусдад мэдэгдэхгүй насан туршдаа хохирч, шаналж байгаа хэдэн мянган үрс аврал эрэнЧимээгүй хашгирчбайж мэднэ гэдгийг ойлгуулахаар энэхүү суултыг зохион байгуулж буй юм.

 

Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бэлгийн хамтрагчийнхаа үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд, таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн статистик тоо мэдээлэл бий.  



Холбоотой мэдээ