Катар хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажилд 200 орчим тэрбум ам.доллар зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-10-07 15:04:45

МОСКВА. /TASS/. 2022 онд Катарт болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ бэлтгэл ажлын зардал 200 орчим тэрбум ам.доллар болжээ.


2022 оны хөл бөмбөгийн ДАШТ 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болох юм.


Одоогийн байдлаар Катар улс энэхүү тэмцээнийг зохион байгуулахад 200 орчим тэрбум ам.доллар зарцуулаад байна. Үүнд цэнгэлдэх хүрээлэн, метро, ​​нисэх онгоцны буудал, шинэ хот, боомт барих зардал багтжээ.


ДАШТ-ийг зохион байгуулах, өв залгамжлах дээд хорооны Харилцаа холбооны гүйцэтгэх захирал Фатма Аль-Наимигийн мэдээлснээр, цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн талбай, багийн бааз, хөгжөөн дэмжигчдэд зориулсан үйлчилгээ бий болгох зэрэгт гаргасан төсөв 6.5 тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд энэ нь өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Олимпын наадмуудынхтай харьцуулж болох хэмжээний зардал юм.


"2022 онд Катар улсад зочилсон хүн бүхэн үзсэн зүйлдээ баяртай байна гэдэгт бид итгэлтэй байна. Шинэ дэд бүтэц, шинэ үйлчилгээ нь баг, хөгжөөн дэмжигчдийн хувьд гайхалтай туршлага болж, 2022 оноос хойш Катар улсад өв болж үлдэнэ" гэж Аль-Наими хэлжээ.

Холбоотой мэдээ