“Прага хотын амьтны хүрээлэн-Зүүнгарын говь” сэдэвт марк гүйлгээнд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-10-07 12:07:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МонголЧех орны найрамдалт харилцааны хүрээнд тахь амжилттай сэргээн нутагшуулсан үйл ажиллагаанд зориулж тахийн сүргийг дүрсэлсэн “Прага хотын амьтны хүрээлэн-Зүүнгарын говь” сэдэвт маркийг шуудангийн гүйлгээнд гаргалаа.

 

Маркийг бүтээхэд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржий Бродский, Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар хангаж, маркийн зураачаар Прага хотын анхны амьтны хүрээлэнгийн зураач Ян Соваак нар ажиллажээ.

 

Монгол улс, Чехословак улстай 1950 оны 4 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, улмаар 1956 онд Улаанбаатар, Прага хотноо тус тусын Элчин Сайдын яамыг нээж байсан түүхтэй.

 

Чехословакийн холбоо задарч 1993 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех улстай дипломат харилцааг дахин тогтоож улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын болон орон нутгийн харилцааны чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байдаг.

 

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Зүүнгарын говь руу тахь сэргээн нутагшуулах зорилгоор Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс анх 1998 онд тус бүр 1 азарга, 2 гүү илгээсэн бөгөөд тухайн үед тахь тээвэрлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, Герман улсын иргэн Кристиан Освальд нар хамтран зохион байгуулжээ.

 

Эдгээр тахиас Чех нэр нь “Зета”, Монгол нэр нь “Од” гэдэг гүү амжилттай нутагшиж олон унага төрүүлсэн байна.

 

2007 оноос эхэлж Прага хотын амьтны хүрээлэн, 2011 оноос Чех улсын хөгжил хамтын ажиллагаа, Нийслэл Прага хотын захиргаа Зүүнгарын говьд тахь сэргээн нутагшуулах ажилд хөрөнгө оруулалт хийх төслүүдийг эхлүүлсэн. Прага хотын амьтны хүрээлэн 2012-2019 онд Европын орнуудын амьтны хүрээлэн, тахь үржүүлгийн газраас 30 толгой тахийн гүү, 2016 онд Хустай нурууны байгалийн цогцолборт газраас 1 азарга, 3 гүү нийт 34 толгой тахийг бие даан санхүүжүүлэн тээвэрлэж Зүүнгарын говьд сэргээн нутагшуулсан зэрлэг тахийн популяцын тоо толгойг өсөн нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн байна.


Нээлтэд БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, Монгол Улсад суугаа Онд бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржий Бродский, Зүүнгарын говийн тусгай хамгаалалттай газрын дарга О.Ганбаатар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Ч.Батсансар, “Монгол шуудан” ХК-ий Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар болон бусад албаны хүмүүс байлцлаа.


Холбоотой мэдээ