Ирээдүйн циркчдийг сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-05 19:35:53

Уран нугарч, нохой сурган циркийн тайзнаа гарахаар хүүхдүүд суралцаж байна. Тэд шинэ жилийн баяр гэхэд циркийн бүтэн цаг хагасын үзүүлбэртэй болохоор шамдаж байгаа ажээ.

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр дэргэдээ үндсэн 10 төрлийн дугуйлантай. Үүний нэг нь циркийн дугуйлан юм. Дугуйланг ОХУ- д циркийн сургууль төгссөн, Монголын циркид олон жил ажилласан туршлагатай уран бүтээлч хичээллүүлж,  ирээдүйн циркчдийг бэлдэж байна.

 Энэ дугуйлан бусдаас онцлогтой. Тухайлбал, уран нугаралтад 4- 5 настай хүүхдийг шалгаруулж авдаг бол бусад үзүүлбэрт 4- 6 дугаар ангийн сурагчид хичээллэж байгаа ажээ.

 Өнгөрсөн хичээлийн жилд 15 хүүхэдтэй хичээллэж эхэлсэн бол явц дундаа 5 хүүхэд үлдсэн. Зуны амралт эхлэхэд дахин шалгаруулалт явуулснаар одоо 20 гаруй хүүхэдтэй болсон. Циркийн тоглолт бэлдэхэд зориулж нохой авсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байгаа. Цаашид циркийн дугуйланд аль болох орчин бүрдүүлэх талаар анхаарч, ирээдүйн циркийн жүжигчдийг бэлдэхэд хувь нэмэр оруулна гэж театрын захирал А. Ууганбаяр хэллээ. Шинэ жилийн баяраар хүүхдүүд циркийн тоглолтоо үзэгчдэд сонирхуулах зорилготой байгаа гэсэн юм.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ