Японы шинэ Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /RT/. Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ. Тэрбээр Японы Засгийн газрын тэргүүний хувиар АНУ-ын Ерөнхийлөгчтэй анх удаа ярьсан нь энэ юм.
Талууд утсаар ярих үеэрээ Япон-Америкийн эвслийг бэхжүүлэх, Энэтхэг-Номхон далайн бүсийг чөлөөтэй, нээлттэй болгох санаачилгыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотолжээ.
Үүнээс гадна, "Киодо" агентлагийн мэдээлснээр, Японы Засгийн газрын тэргүүн коронавирус болон уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэл, түүнчлэн дэлхийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Харин Жо Байден Японыг хамгаалах америкчуудын үүрэг амлалт хэвээр буйг дахин нотолж, эдгээр амлалт нь Хятад улстай газар нутгийн маргаантай байгаа Сенкаку арлуудад ч (хятад нэр нь Дяоюйдао) хамаатай болохыг онцлон тэмдэглэжээ.
Талууд мөн Умард Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан япончуудын асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар санал нэг буйгаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт намын даргын сонгуульд ялсан Кишида даваа гарагт Японы 100 дахь Ерөнхий сайд болсон билээ.