Эмили Ратаковски "Blurred Lines" дууны зураг авалтын үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаараа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-04 18:37:15

НЬЮ-ЙОРК. /The Guardian/. АНУ-ын загвар өмсөгч Эмили Ратаковски "Blurred Lines" дууны клипний зураг авалтын үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа олон нийтэд мэдэгджээ.


Өдгөө 30 настай загвар өмсөгч бүсгүй Э.Ратаковски удахгүй гарах "Миний бие" номондоо энэ тухайгаа дэлгэрэнгүй бичсэн бөгөөд дуучин Робин Тикийг 2013 онд гаргасан “Blurred Lines” дууныхаа клипний зураг авалтын үеэр түүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгажээ.


Үүнтэй холбогдуулан “BBC” агентлаг дуучин Робин Тикээс тайлбар авах хүсэлт илгээсэн бөгөөд одоогоор хараахан хариу өгөөгүй байгаа ажээ.


“Sunday Times” сонинд анх мэдээлснээр, уг мэдээлэл нь Э.Ратаковскийн удахгүй гарах гэж буй "Миний бие" номонд багтжээ. Түүнчлэн клипний зураг авалтын үеэр Робин Тик согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг загвар өмсөгч бүсгүй болон найруулагчийн зүгээс баталж байгаа аж.


"Хаанаас ч юм бэ, танихгүй хүний гар хөхийг минь тэврэхийг мэдэрлээ. Би зөнгөөрөө холдон Робин Тик рүү эргэж харсан" хэмээн тэрбээр номондоо дурдсаны зэрэгцээ "Надад ямар ч хүч байгаагүй. Би “манекен”-аас өөр юу ч биш байсан” хэмээн нэмж дурдсан байна.


Мөн загвар өмсөгч бүсгүй бие махбодын аюулгүй байдалд нь халдаж, өөрийг нь гутаан доромжлох хандлагыг мэдэрсэн гэжээ. Тэрээр уг дууны клипний зураг авалтанд дуучин Робин Тик, дуучин Фаррелл Уильямс, реппер Ти-Ай /T.I./ нартай хамт тоглосон байдаг.


Уг дууны клипний найруулагчаар Диан Мартел ажилласан бөгөөд тэрээр “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа, "Робин Тик эмэгтэйн хөх орчмоор барьсан үйлдлийг би санаж байна” гэжээ. Мөн тэрбээр уг үйлдлийнхээ дараа загвар өмсөгч бүсгүйгээс уучлалт хүссэн болохыг нэмж дурдсан байна.


Үүний зэрэгцээ “Blurred lines” дууны дүрс болон дууны үгийг бэлгийн зан үйлийн талаар хэмээн шүүмжилсэн байдаг боловч Робин Тик 2015 онд “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа дууны үг нь бэлгийн утга агуулаагүй болохыг хэлжээ. "Би хэзээ ч ийм сөрөг утгатай дуу бичиж байгаагүй, хэзээ ч бичихгүй" хэмээн тэрээр дурдаж байжээ. 

Холбоотой мэдээ