Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Унгарт бэлтгэл хийж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-28 10:58:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн Осло хотноо 2021 оны 10 дугаар сарын 2-10-ны өдрүүдэд болно.


Энэ сарын 24-нд эх орноосоо мордсон шигшээ багийн бүрэлдэхүүн Унгар улсад 7 хоног бэлтгэлээ базаагаад Осло хотыг зорино. Чөлөөт бөхийн ДАШТ-ийг сурвалжлах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тусгай сурвалжлагч Д.Нямбилэг анхны бэлтгэлийн талаар гэрэл зургийн сурвалжилга илгээжээ.





Шигшээ багийн тамирчдад хандаж Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ерөнхийлөгч П.Гансүх илгээсэн мэндчилгээндээ, “Норвегийн нийслэл Осло хотод болох ДАШТ-д оролцохоор явж байгаа нийт тамирчин, дасгалжуулагч баг хамт олон амжилт гаргаж Монгол Улсынхаа төрийн далбааг олонтаа мандуулахыг хүсье.



Та бүхэн минь улс орны эдийн засаг хүнд, төсөв мөнгө хангалтгүй үед ДАШТ-д оролцож байна. Энэ эдийн засгийн хүнд хатуу нөхцөл байдлыг сэтгэлзүйгээрээ ялан дийлж, тусалж дэмжсэн хувь хүн болон албан байгууллага, гэр бүл, найз нөхдийнхөө ачийг амжилтаараа, дэлхийн аваргын медалиар хариулна гэдэгт итгэж байна.



Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн нийт хамт олны өмнөөс азтай, хийморьтой, тэвчээр хатуужилтай байж урьд өмнө гаргаж байгаагүй өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн билээ.  






Холбоотой мэдээ