Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 08:02:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100 мянган мод тарих ажлыг эхлүүлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн билээ.


Эрчим хүчний салбар нь нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг тул энэ санаачилгыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарина.


Түүнчлэн, орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцон, мод тарих газар, түүнийг дагалдах ажил, мод суулгасны дараах арчилгаа зэргийг шийдэх аж.


Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэ ажлыг дэмжихийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалжээ.

 

Холбоотой мэдээ