Завханхангай хөтөлбөрийн үр шимийг 48 мянга гаруй хүүхэд хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-22 00:05:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөтөлбөрийн хаалтын ажиллагаа боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Одоогоос 15 жилийн өмнө “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага баруун аймгуудаас анх Завхан аймагт салбараа нээхээр шийдвэрлэж, 2006 оны хоёрдугаар сард “Завхан” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлжээ.

Мөн оныхоо 10 дугаар сард “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг мөн эхлүүлсэн байна. Тухайн үед тус хөтөлбөрөөс аймгийн хэмжээнд суурь судалгаа хийхэд нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, өрхийн эдийн засаг зэрэг салбарт тулгамдсан асуудлууд байсан бөгөөд хүн ам ихтэй сумдыг сонгон авч орон нутгийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн нь аймгийн хэмжээнд үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт болж чадсан байна.  

Тэгвэл Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөтөлбөр өнөөдөр хаалтаа хийлээ. Хаалтын үйл ажиллагааг “Хамтдаа хөгжсөн 15 жил” нэртэйгээр зохион байгуулж, тус төсөлд ажиллаж байсан үе үеийн ажилчид, орон нутгийн удирдлагууд, хамтрагчид, сайн дурын ажилчид, хүүхдүүд урилгаар оролцлоо.

Энэ үеэр хөтөлбөрийн зүгээс орон нутгийн иргэд, эцэг эхчүүд, сайн дурынхан, төр захиргааны байгууллагуудтай хамтран бүтээсэн түүх, ололт амжилтаа хуваалцаж, бүх хамтрагчдадаа талархал илэрхийлэв. Тус хөтөлбөр өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон хүүхэд, өрх гэр бүлийн амьдралд аз жаргал бэлэглэсэн. Тэдний амьдралын баталгааг нь сайжруулж, хүмүүсийн амьдралд маш их үнэ цэнийг бий болгосон ололт амжилтаар дүүрэн он жилүүдийг үдсэн гэдгийг оролцогчид энэ үеэр онцолж байв.


21 сургууль, цэцэрлэг хөтөлбөрийн үр шимийг хүртжээ

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөтөлбөрийн "Хамтдаа хөгжсөн 15 жил" хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцлоо.

Тэрээр хэлэхдээ: “Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л оюун сэтгэл, ур чадвар, цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Үйл ажиллагаа, Чанарын захирал Б. Мөнхбаяр, Санхүү хамтын ажиллагааны захирал Ц.Отгонзаяа, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завхан Нэгдсэн хөтөлбөрийн менежер Ц.Амгалан болон хөтөлбөрийн үе үеийн ажилтнууд та бүхэнд чин сэтгэлээсээ баярласнаа  илэрхийлье.  Энэ хөтөлбөр Завхан нутагт үр өгөөжтэй олон ажлыг хийжээ. Тухайлбал, Боловсролын салбарт сонгогдсон гурван сумын 8 сургууль, дөрвөн дотуур байр, 13 цэцэрлэг хөтөлбөрийн үр шимийг хүртжээ. Дээрх сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын шаардлагатай тавилга хэрэгсэл, тоглоом зэргээр дэмжин анги танхимыг тохижуулжээ.

Мөн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх олон төрлийн сургалт, семинарт хамруулж чадавхжуулсан. Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж чанартай сурч, боловсрох нөхцөлийг бүрдүүлж өглөө. Тухайн үеийн сургууль завсардалтыг багасгахын тулд албан бус хувилбарт сургалтыг аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж, гэр цэцэрлэг, малчдын хүүхдүүдэд зориулсан зуны цэцэрлэг зэргийг ажиллуулснаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 2006 оноос өнөөдрийг хүртэл 44 хувиар нэмэгдсэн байна. Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг амьдрах ухааны ур чадвар олгох хөтөлбөрүүдэд тогтвортой хамруулснаар хүүхдүүд өөрийн авьяас чадвараа нээн илрүүлж, өөрийгөө зөв илэрхийлэх, хөгжүүлэх зэрэг олон ур чадварт суралцжээ. 


Сонгогдсон сумдын нийт өрхийн 95 хувь нь ундны цэвэр усаар хангагджээ

Завханхангай орон нутгийн хөтөлбөр Завханы эрүүл мэндийн салбарт ч бодит үр өгөөжийг өгсөн.

-Завхан аймгийн эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулжээ. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлснээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа.

Аймгийн хэмжээнд орон нутагтай хамтран усны аюулгүй байдлын зөвлөл байгуулан, төлөвлөгөө гаргаж, ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлээд байгаа. Иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангагдах. Ундны усны хэрэглээний зөв дадалд суралцаад буй. Хөтөлбөрийн сонгогдсон сумдын нийт өрхийн 95 хувь нь ундны цэвэр усаар хангагдсан байна. Ерөнхий боловсролын зургаан сургуульд орчин үеийн сайжруулсан ариун цэврийн байгууламж, халуун ус, био ОО-г шийдвэрлэж өгснөөр гэдэсний халдварт өвчний өвчлөлийг бууруулж чадлаа.

 

Буцалтгүй тусламжийг зорилтот бүлгийн 8000 гаруй өрхөд хүргэжээ

Завханхангай орон нутгийн хөтөлбөр Завхан аймгийн өрх бүрийг үйлдвэрлэгч болгожээ.

Тухайлбал, өрхийн болон жижиг бизнесийг хөгжүүлэхэд мэргэшүүлэх сургалтуудад хамруулж, тоног төхөөрөмжөөр ханган ажилласны дүнд бизнесийн 50 гаруй бүлэг бий болсон байна. Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдийг дэмжин ажилласнаар 780 гаруй өрх жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг болжээ. Ингэснээр орон нутгийн эдийн засагт үнэтэй хөрөнгө оруулалт боллоо.

Мөн малжуулах төслөөр 750 гаруй өрх малтай болсноор эдгээр малчин гэр бүлийн хүүхдүүд төслийн үр шимийг давхар хүртээд буй. Төсөл хэрэгжих хугацаанд гэнэтийн гамшиг осол, үер, зуд, цар тахлын үед ч тусламж, дэмжлэгийг хүргэж байсан. Тухайлбал, мөнгөн тусламж, хоол хүнс, дулаан хувцас, гэр зэрэг нэн тэргүүнд шаардлагатай буцалтгүй тусламжийг зорилтот бүлгийн 8000 гаруй өрхөд хүргэж, давхардсан тоогоор 48.500 хүүхэд төслийн үр шимийг хүртсэн нь багагүй тоо юм.

Тус хөтөлбөр нь хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нэмэгдүүлж улмаар орон нутгийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт өртсөн хүн ам, өрхөд тусламж үзүүлэхэд нөлөөлөх зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлж байв.

 

Хөтөлбөрөөс суралцсан чадвараа нутагшуулан үлдээнэ

Завханхангай орон нутгийн хөтөлбөр орон нутгийн удирдлага, иргэдийг чадавхжуулахад оруулсан хөрөнгө оруулалт, хувь нэмрийг тоочоод баршгүй юм.

Тухайлбал, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад “Иргэдийн оролцоо, тэдний дуу хоолой”-г нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн онцгой аргачлалуудыг хамтран ажилладаг байгууллагууд нь одоо ч хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн чадавхжуулах сургалтууд, үйл ажиллагааны үр дүнд хамтрагчид, ашиг шим хүртэгч орон нутгийн иргэд маш их зүйл сурч, нутагшуулсныг бахархан хэлэхэд таатай байна. Энэ бол тус хөтөлбөрөөс бидэнд үлдээж буй томоохон өв хөрөнгө юм. Харин энэ өв хөрөнгөө цаашид улам сайжруулан, тогтвортой хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг бидний өмнө ирж байна. 

Орон нутгийн удирдлага, иргэд, хүүхдүүд энэ үүргээ сайн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд орон нутгийн төрийн байгууллагууд эмзэг хүүхэд, эмзэг өрхөө тодорхойлон тэднийг хамгаалдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, мэргэжлийн байгууллагад холбон зуучилж тусламж үзүүлдэг. Төрийн болон бусад үйл ажиллагаа, дэмжлэгт хамруулдаг болсон.  Бид хэрэглэдэг биш үйлдвэрлэдэг орон нутаг болох зорилгод хүрэхэд Завханхангай хөтөлбөрийн оруулсан хувь нэмэр их юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урт хугацаанд санхүүжүүлсэн Дэлхийн зөн Канад, хэрэгжүүлэгч Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага, Завханхангай хөтөлбөрт Завхан нутгийн иргэд, хүүхдүүд, Засаг даргын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Хүүхдийн төлөө, хүмүүсийн сайн сайхан хөгжлийн төлөө хийсэн гэгээн үйлс бүхэнд тань талархаж байна, сайн  үйлс тань дэлгэрэн хөгжих болтугай” гэж аймгийн Засаг дарга талархалдаа онцоллоо.


Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурав

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөтөлбөрийн "Хамтдаа хөгжсөн 15 жил" хаалтын үйл ажиллагааны үеэр тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурлаа.

Завханхангай орон нутгийн хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд, арга аргачлалуудын цаашдын тогтвортой байдлыг хангахаар Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Санхүү, хамтын ажиллагааны захирал Ц.Отгонзаяа нар “Тогтвортой байдлын гэрээ”-нд гарын үсэг зурав. Ийнхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар хөтөлбөрийн амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагааг орон нутаг өвлөн авч, үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ