Соёлын байгууллагууд цар тахлын үед 15 мянга гаруй хүнд үйлчилжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-10 14:46:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 26 соёлын байгууллагад 220 гаруй ажилтан ажиллаж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

-“Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан. Энэ жил 28 дахь жилдээ соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Манай аймагт соёлын салбарт 220 гаруй хүн ажиллаж байгаа.

Мөн СУИС-ын харьяа Хөгжим бүжгийн коллежид 60 гаруй багш, ажилтан ажиллаж байна. Аймгийн соёлын байгууллагуудаар жилд 50 мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл хүн амынхаа 70 хувьд нь хүрч үйлчилдэг. Харин цар тахлын үед соёл урлагийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулах, зарим тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж танхимаар болон заалаар үйлчилгээгээ үзүүлжээ. Энэ онд давхардсан тоогоор 15 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.

Тухайлбал аймгийн Орон нутгийг судлах музей үзмэрүүдээ цахимаар үзүүлж байна. 23 сумын номын сангаас иргэдэд хүргэлтээр үйлчилгээгээ тасралтгүй явуулж байгаа. Аймгийн Хөгжимт жүжгийн театраас энэ онд олон нийтийн сүлжээнд лайваар тоглолтыг гурван удаа зохион байгуулсан байна. Жил бүрийн соёл урлагийн ажилтны өдрөөр аймгийн соёлын байгууллагуудын чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд цар тахалтай холбоотойгоор чуулганыг онлайнаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 28 дахь жилдээ соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй аймгийнхаа соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Бүх нийтийг соён гэгээрүүлэх, нийгмийн үнэт зүйлийг бэхжүүлэх гэгээн сайхан үйл хэрэгт нь өндөр амжилт хүсье. Урлагийн Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээх болтугай” гэж БСУГ-ын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Э.Пагмаа мэдээлэв. 

Холбоотой мэдээ