Токиогийн наадамтай холбоотой 863 хүнээс халдвар илэрчээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-09-08 16:53:30

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпын наадмын тамирчид, төлөөлөгчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусний халдварын нийт 863 тохиолдол бүртгэгдлээ гэж тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.


Токиогийн наадмыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, Олимпын наадамтай холбоотой 547 хүн, Паралимпын наадамтай холбоотой 316 хүнээс наадмын үеэр юм уу дараа нь халдвар илэрсэн байна.


Зохион байгуулагчид наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоог гарын авлагад бичсэн халдварын эсрэг арга хэмжээнүүдийг мөрдөж эхэлсэн долоодугаар сарын 1-ний өдрөөс танилцуулж эхэлсэн юм.


COVID-19”-өөр халдварласан нийт тохиолдлын дунд 41 тамирчин, хэвлэл мэдээллийн байгууллагын 50 ажилтан, зохион байгуулах хорооны 29 гишүүн багтаж байна.


Мөн халдвар авсан хүмүүсийн 254 нь буюу 30 орчим хувь нь хилийн чанадаас ирсэн бол тамирчдын хотхонд байрлаж байсан 53 хүнээс халдвар илэрчээ. Түүнчлэн 54 хүний шинжилгээний хариу Японд ирснийхээ дараа эерэг гарсан нь хилийн чанадаас ирсэн хүмүүсийн нийт тооны 0.1 хувьтай тэнцэж байна.


Зохион байгуулах хорооны эмхэтгэсэн энэхүү тоон үзүүлэлтэд Японд амьдардаг гэрээт ажилтнууд болон сайн дурын ажилтнуудыг ч мөн оруулсан бөгөөд тэдний зарим нь коронавирусний шинжилгээгээ өөрсдөө өгч, хариуг нь хороонд мэдээлсэн байна. 


“Бид коронавирусний эсрэг арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлсэн гэж хэлж чадахгүй ч наадмын аюулгүй байдлыг хангахын тулд халдвар авсан хүмүүсийг яаралтай илрүүлж, тусгаарласан” гэж “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко даваа гарагт мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ