Газар хөдлөлтийн үед юуг анхаарах вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-09-08 13:11:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдлөлтийн үед  юу анхаарах талаар сэрэмжлүүлгийг  хүргэж байна.  

Газар хөдлөлт болохын өмнө

  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
  • Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
  • Галын хор ашиглаж сурах

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэл зогстол машинаасаа гарах хэрэггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, туннелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • Нуранги доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашхирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • Цахилгаанаа яаран бүү залга
Холбоотой мэдээ