Өнөөдөр хоёр удаа газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-09-08 12:32:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд өнөөдөр хоёр удаа газар хөдөллөө.


Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун зүгт 21 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөл нь өглөөний 10.16 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Шөнө 00.50 цагт Төв аймгийн Жаргалант сум орчимд 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тодруулбал, Улаанбаатар хотын төвөөс баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд болсон байна. 


Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгджээ. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлээс гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ. Одоогоор нийслэлд газар хөдлөлөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор ярилаа. 


Түүнчлэн, хоёр хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум орчимд 3.9 магнитудын хүчтэй, энэ сарын 5-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын ойролцоо 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Он гарснаас хойш 7 дугаар сарын 22-ны 18.00 цагийн байдлаар гэхэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 82638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв. 


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.  



 

Холбоотой мэдээ