"Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн үр дүнг хэлэлцэн туршлага хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-30 14:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хаалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн мөн өмнөх өдөр нь Бэлчээрийн үндэсний IV чуулган цахимаар болно. Учир нь "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хүрээнд манай улсын олон аймагт бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тиймээс Бэлчээрийн үндэсний IV чуулганаар малчид дээрх чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хэлэлцэн, туршлагаас хуваалцах юм. 

Харин үндсэн үйл ажиллагаа болох "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хаалтаар төслийн 17 жилийн хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, төслөөс үлдэж буй өв, төслийн үр дүнд Монгол Улсын ХАА-д бий болоод буй тогтвортой байдал, хөгжлийн шинэ боломжуудын талаар ярилцана. Хаалтын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Бернардино Регацони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар үг хэлж, төслийн багийнхан олон жилийн үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага, хоршоодын туршлагаа хуваалцах юм.

Тодруулбал, талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн дүнд манай орны малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа юм. 




Мөн малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч, боловсруулалтын компаниудад нийлүүлж шууд ашиг шимийг нь хүртэх "Хариуцлагатай Номадс" буюу "Хариуцлагатай нүүдэлчин" стандартыг мөрдөж байгаа талаар ярилцана. Үндсэндээ, чуулганд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээр ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нар, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хүргэн хэрэгжүүлж буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагуудыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулах юм.


Холбоотой мэдээ