Кабулд өгсөн агаарын цохилтын үеэр энгийн иргэд амиа алдсан гэх мэдээллийг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-08-30 11:55:14

ВАШИНГТОН. /TASS/. Ням гарагт Кабулд өгсөн АНУ-ын агаарын цохилтын үеэр энгийн иргэд амиа алдсан тухай мэдээлэлтэй холбогдуулан шалгалт хийж байна гэж тус улсын Зэвсэгт хүчний Төв командлалын төлөөлөгч Уильям Урбан мэдэгджээ.


“Кабулд өгсөн манай агаарын цохилтын үеэр энгийн иргэд амиа алдсан тухай мэдээллийн талаар бид дуулсан. Цохилт өгснөөр “Лалын улс” террорист бүлэглэлийн салбар “Хорасан дахь Лалын улс” бүлэглэлээс учирч байсан аюул заналыг устгасан. Террористуудын тээврийн хэрэгслийг устгах үеэр хоёр дахь хүчэй дэлбэрэлт болсныг бид мэдэж байгаа. Энэ нь уг машинд их хэмжээний тэсрэх бодис байсан нь нэмж хүн амиа алдахад хүргэсэн байж болзошгүйг илтгэж байна” гэж тэрбээр хэлжээ.


"Юу болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд бид цаашид судална. Гэмгүй хүмүүсийг үхэлд хүргэсэн байвал бид маш их харамсах болно” гэж Урбан нэмж хэлсэн байна.


“Лалын улс” бүлэглэлтэй холбоотой, тэсрэх төхөөрөг суурилуулсан тээврийн хэрэгсэлд нисэгчгүй онгоцоор цохилт өгч, Кабулын нисэх буудалд олон хүний аминд хүрэх халдлагаас урьдчилан сэргийллээ гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал өмнө нь мэдээлсэн юм.


"CNN" телевизээр мэдээлснээр, агаарын цохилтын улмаас есөн хүн амиа алдсан байна. Эдгээр хүмүүс бүгд нэг гэр бүлийн гишүүд байжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд зургаан хүүхэд байсан бөгөөд хамгийн бага нь хоёр настай байсан байна.

Холбоотой мэдээ