Лүнгийн замын үерт суусан хэсгийг засварлаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгууд руу явах Лүн-Дашинчилэн-Батцэнгэлийн чиглэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үер бууж автозам сэтэрч эвдэрсэн. Энэ дагуу ЗТХЯ-наас ажлын баг газар дээр нь шуурхай очин танилцаж тус замыг засварлаж эхэлжээ. Тодруулбал, үерт автан доош идэгдэн суусан замын хэсэгт түр зам тавьж дүүргэлт хийж эхэлсэн байна. Ирэх 7 хоногт дүүргэлтүүд харьцангуй гайгүй болсноор дээрх чиглэлийн төв автозам хуучин трассаараа зорчих нөхцөл бүрдэнэ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Хөвсгөл, Архангай явах чиглэлийн замын өгсөх хэсэгт үер бууснаас авто зам доошоо 3 метр орчим сууж замын хажуу хэсэг сэтэрсэн байна. Бусдаар Лүнгийн чиглэлийн замын хэсэг үерт урсаагүй гэдгийг мэдэгдэж байна.