Сургуулиа нээж орхигдсон боловсролоо нөхөх цаг болсон

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-08-26 15:44:26


Монголчууд үндсэндээ хоёр жил тасалдаад байсан бүх шатны хичээл сургалтын байгууллагынхаа үйл ажиллагааг энэ жил тун амаргүй нөхцөлд эхлүүлэхээр болж байна. Яг өнөөдөр Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндхэн болоод байгаа ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд асар их хоцрогдолтой болсон боловсрол сургалтын үйл ажиллагааг хамгийн боломжит хувилбар дээр түшиглэн эхлүүлэхээс өөр аргагүйд хүрснээ БШУЯ-аас мэдэгдээд буй.


Манай улсад, ялангуяа хөдөө орон нутагт коронавирусний халдварын тохиолдол буурахгүй байгаа, дельта хувилбар орон нутагт тархсан, өдөрт 2500 тохиолдол бүртгэгдэх болсон энэ үед хичээл сургууль эхэлвэл байдал хүндэрч болзошгүй хэмээн эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байгаа. Гэсэн хэдий ч цар тахал эхэлснээс хойш танхимын сургалтын нийт хугацааныхаа 60 хувийг нь орхигдуулсан энэ үед аль болох дахин хичээл сургуулиа хаахгүйг эрмэлзэх нь зүй ёсны асуудал.


Хичээл эхлүүлэхэд дөхөм болж буй нэг гол үндэслэл нь хүн амын дархлаажуулалт чамгүй өндөр түвшинд байгаа явдал. Өнөөдөр Монгол Улс нийт хүн амынхаа 64 орчим хувийг дархлаажуулаад байна. Сургууль цэцэрлэгийн багш нарын вакцинд хамрагдсан байдал есдүгээр сарын нэгэн гэхэд 90 гаруй хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа. Мөн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 орчим хувьд хүрсэн гэсэн сайн талууд бий. Одоо 12-17 насны хүүхдийн өвчлөл дархлаажуулалттай холбоотойгоор буурч байгаа ч өдөрт гар байгаа тохиолдлын 30 хувийг хүүхэд эзэлж байгаа. Үүн дотроо 5-11 насны хүүхдийн халдвар авч буй байдал 40 хувьд хүрээд байгааг эрүүл мэндийн яамнаас дуулгаж байна.


Эрсдэлийг эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэн тооцож 5/9 зарчим буюу таван өдөр танхимаар, есөн өдөр цахимаар гэсэн зарчмаар хичээл эхлүүлэхээр болсон. Хэрэв ковидын нөцөл байдал өөрчлөгдвөл түүнд тохирсон хэд хэдэн хувилбарыг салбарын яам боловсруулаад байгаа юм.  Халдвар илрээгүй бүс нутгийн хүүхдүүдийг зуун хувь танхимаар хичээллэх боломжоор нь хангах, эрүүл мэндийн эрсдэлтэй байгаа суралцагчдад цахимаар хичээллэх боломж олгох тухайгаа салбарын сайд дуулгасан.


Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа, илэрч буй тохиолдлын 30 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байгаа нь эрсдэл дагуулах магадлалтай. Ганц энэ ч бус танхимын сургалтын орчин нөхцөл, хоорондын зай барих боломж, халдваргүйжүүлэлт зэрэг нь халдвар тархаахгүй байж чадах эсэх дээр дээр олон нийт болгоомжлолтой хандаж байна. Мөн эрүүл мэндийн байгуулллагаас ч, олон нийтийг хамарсан арга хэмжээний дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа, дельта хувилбар тархсан энэ үед хичээл сургууль эхлүүлэх нь байдлыг илүү ярвигтай болгохоор байна хэмээн анхааруулж байгаа.


Өнгөрсөн хугацаанд эзэмшсэн байх боловсролынхоо тал хувийг нь ч олж авч чадаагүй хүүхдүүдийн ирээдүйд амсах хохирол нь мөнгөөр үнэлшгүй. Цаашилбал улс оронд ирэх хор уршиг нь ч их учир хичээл эхлүүлэхээр барахгүй алдагдсан боловсролыг нөхөж авахад эцэг эхчүүд, боловсролын салбартайгаа хамтран хичээл зүтгэл гаргах учиртай. Үүнээс илүү урт хугацаагаар сургуулиа хаахгүйн тулд, хичээл сургуулийн үйл ажиллагааг аль болох эрсдэл багатай явуулахын тулд иргэд болон төрийн хамтын хариуцлага, үүрэг оролцоо чухал. Хэрэв энэ намар хичээл эхлүүлэхгүй бол ирээдүйд ковидын үеийн хохиролыг амссан, боловсролын хоцрогдролд орсон хэсэг бүлэг үе бий болох аюул бодитоор тулгарсан.


Зарим улс оронд ковидын ганцхан тохиолдол илэрхэд хөл хорио тогтоож байхад манайх халдварын тохиолдол өдөрт 2500 -аар бүртгэгдэж байгаа нөхцөлд сургуулиудынхаа үүд хаалгыг нээх болж байна. Дэлхий даяар боловсролын салбарт нүүрлэсэн ковидын үеийн сүйрэл манайд ч ялгаагүй хүнд тусч байна. Хэдийгээр иргэдийнхээ эрүүл мэндийг эн түрүүнд анхаарах чухал ч гэлээ боловсролын асар их хоцрогдол үүсч, ирээдүйд амсах хор хохирлыг тооцоход бэрх болж байгаа ийм үед хичээл сургалтыг хойш тавих боломжгүй юм.


Манай боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт хугацааныхаа 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 70 орчим хувийг нь алдаад байгаа. Хэдийгээр энэ хугацаанд алсын зайнаас сургалтыг явуулж байсан ч танхимын бүрэн сургалтанд хамрагдаагүйгээс боловсролын салбарт маш олон эрсдэл бий болж, суралцагчид хохирол ихээр амссан нь ойлгомжтой зүйл.


Мөн улсын хэмжээнд цахимаар суралцах боломжгүй 185 мянган хүүхэд байна гэсэн судалгааг салбарын яам гаргажээ. Эдгээр дээр нэмээд 500 мянга орчим хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэж тооцон, хоцрогдлыг арилгах үндэсний цогц хөтөлбөрийг БШУЯ-аас боловсруулж батлуулсан. Энэ хөтөлбөрт 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа тухай салбарын сайд хэлж буй. Түүнчлэн халдвар илрээгүй болон цөөн тооны тохиолдол илэрсэн, эсвэл зөөвөрлөгдсөн тохиолдолтой бүс нутагт хичээл сургалтыг 100 хувь, Халдвар голомтлон тархсан, эсвэл хүн амын дунд өргөн тархсан нутагт танхимаар болон цахимаар хичээллэх төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Энэ нь халдвараас бүрэн хамгаалах боломжгүй ч эрсдэл илүү өндөр байхаас сэргийлэх хамгийн оновчтой хувилбар гэж үзэж байна.


Дэлхий даяар нийт хүүхдийн 91 хувь буюу 1.6 тэрбум хүүхэд цар тахлын нөлөөгөөр эрүүл мэнд болон боловсрол мэдлэг авах боломж, сэтгэл санааны хохирол амссан гэж тооцож байна. Дэлхийн бүх улс орнууд ямар ч тохиолдолд боловсролын үйл ажиллагааг орхигдуулж завсардуулахгүй байхад анхаарч байна. Хичээл сургалтыг эхлүүлэхэд боломж, чадамжаа шавхан ажиллахыг, мөн үүнээс гадна гадаадад суралцдаг оюутнуудын хичээл сургалтыг хоцроохгүй байхад манай улс ч мөн Засгийн Газрын хэмжээнд чармайж буй. Танхимын болон цахим хэлбэрийг хослуулах аргаар хичээл сургалтаа зайлшгүй эхлэхгүй бол ирээдүйд ноцтой аюул нүүрлэхэд бэлэн болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хувьд цахим хэлбэрийн сургалтын туршлага багагүй хуримтлуулсан, энэ нь цаашид ковидын үеийн саадыг давж боловсролтой иргэн хүмүүжүүлэхэд ихээхэн нэмэр болох биз.


Хүн амынхаа 10 хувийг ч вакцинд хамруулж чадаагүй улс орон байхад 60-аас илүү хувийг нь дархлаажуулж амжаад байгаа манай улс эрсдэлээс харьцангуй хол байгаа гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Энэ байдал дээрээ тулгуурлан хичээл сургуулийг эхлүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах, аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг Монгол Улсын Засгийн Газар болон холбогдох газрууд гол болгож байна. Иргэд олон нийтийн хувьд болгоомжлол байгаа ч эрүүл мэндээ хамгаалан, дэг журам, сахилга бат өндөр байж боловсролоо орхигдуулахгүй байх нь хамгийн чухал гэж үзэх нь олонхи байна. 






Холбоотой мэдээ