Мессигийн хөшөөг Буэнос-Айрест босгожээ

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-06-30 12:23:41

БУЭНОС-АЙРЕС. /ВВС/. Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси шигшээ багаасаа гарахаар шийдсэнээс хэдхэн хоногийн дараа түүний хүрэл хөшөөг Буэнос-Айрес хотод босгожээ.

Плейт голын эрэгт босгосон Мессигийн хөшөөний нээлтийн ёслолд Буэнос-Айрес хотын дарга Орасио Ларрета Родригес оролцон үг хэлсэн байна.

“Copa America” буюу Америк тивийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод Аргентины баг Чилийн багт хожигдсоны дараа Месси шигшээ багаасаа гарахаар шийдсэнээ зарласан юм.

Тэр цагаас хойш түүнийг дэмжин, багаасаа гарахгүй байхыг уриалах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Аргентинчууд 29 настай од тоглогчийг багтаа үлдэхийг нийгмийн сүлжээгээр уриалан “Битгий яв, Лио” гэж бичиж байна.

Мессиг багаасаа гарахгүй байхыг хүсч буй хүмүүсийн дунд Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри байгаа юм. Тэрбээр твиттер хуудсандаа “би шигшээ багийнхнаараа энэ удаад урьд өмнөхөөсөө илүү бахархлаа. Дэлхий нийтийг баясгасан шилдэг тоглолтуудаа дахиад олон жилийн турш бидэнд харуулна гэж найдаж байна. Битгий яв, Лио” гэж бичжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ