Өвлийн бэлтгэлээ эртхэн базаах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулав

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-21 17:42:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн бэлчээрийн даац хэтэрсэн сумууд намар эрт өвс тэжээлээ бэлтгэж өвөлд эртнээс бэлдэх хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

-Сүүлийн гурван жилийн судалгаагаар бэлчээрийн даац хэтэрснээс болж өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй юм. Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд жил бүрийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг. Завхан аймгийн хувьд бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл тус аймгийн нийт нутгийн 32.5-50 хүртэлх хувь нь бэлчээрийн нөөцтэй, 18.1-51 хувь нь бэлчээр хүрэлцээтэй. Харин 25.0 хувь нь бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн. Зуншлага сайн байсан нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо их байгаатай холбоотой. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан байна. Ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болдог аж.

Бэлчээрийн даац хэтэрсэн 16 баг байна

Өвөл, хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум, багууд өвс хадлангаа нэмж бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малынхаа тоог бууруулах ажилд эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтад одоогоос эхлэн бэлтгэх нь зүйтэй хэмээн сануулж байна. 

Тухайлбал бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн Эрдэнэхайрханы Багануур, Хайрхан, Алтан, Нөмрөгийн Нуур, Түдэвтэйн Ойгон, Баян-Цагаан, Сонгинын Шар нуруу, Баян-Айраг багууд. Мөн Тэс сумын Нисэх, Тосонцэнгэлийн Идэр, Их-Уулын Хонгор, Идэрийн Загастай, Алдархааны Мандаат багууд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Цагаанчулуутын Дэлгэр, Арц, Цагаанхайрханы Баянбулаг, Завханмандалын Нуга, Ургамлын Хүнгүй багууд дээрх анхааруулгыг эртнээс ажил хэрэг болгох шаардлагатай байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн 13 сумын 16 багийн тухайд маш их бэлтгэлтэй өвөл, хаврыг давах нь чухал юм хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ