Э.Мягмаржав: Хар галуу буюу Тураг гогой нь Улаагчины хар нуурт сүүлийн жилүүдэд ирж зусаж буй шувуу юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-18 19:57:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших “Улаагчины Хар нуурт хар галуу олноороо иржээ. Хар галуу нь нуурын загасыг үй олноор нь идэж, дуусгах аюулд өртлөө. Эдгээр шувууг устгах шаардлагатай” гэсэн нийгмийн цахим сүлжээнд тархаад буй гэрэл зураг постын талаар Завхан аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодрууллаа.

-Сайн байна уу? Улаагчины Хар нуурт хар галуу сүргээрээ ирэх үзэгдэл хэдийнээс эхэлж бий болсон бэ?

-Иргэдийн нэрлээд буй хар галууны шинжлэх ухааны нэр нь Тураг гогой юм.  Энэ шувуу нь сүргээрээ буюу 2000-3000 орчим шувуу сүүлийн гурван жил дараалан ирж, Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчины хар нуурт зусдаг болсон. Энэ нуур маань байгалийн цогцолборт газар юм. Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалан, хамгаалах, болон байгальд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Улаагчины хар нуур орчмын газар нутгийг 2010 оны 1-р сарын 14-ний өдрийн УИХ-ын 06-р тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Тус Байгалийн цогцолборт газар нь Завхан аймгийн Цэцэн Уул, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын нутгийг дамнан орших ба нийт 259403,33 га талбайг хамардаг.

Улаагчины хар нуурын БЦГ-ын хамгааллын менежментийг Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа хариуцан ажилладаг. Тус бүс нутгийн гадаргын ус нь байгалийн мужлалаар Алтай ар, говийн Хар ус, Хяргас нуурын дэд мужид багтана. Энд Улаагчины хар нуур, Бага нуур, Жаахан нуур, Хүнгүйн Хар нуур, Баян, Хунт зэрэг нуурууд, Салаа, Баянзүрх, Татуур, Цагаан Ус, Өвөр улаагчин, Тээл, Мөсөн, Бургаст, Шаварт, Мухарт Нарийн Галуутай, Мухар Хүнгүйн зэрэг голууд, Урт булаг, Олон булаг зэрэг булаг шандтай. Гадаргын усны нөөцийн томоохон төлөөлөл болох Хар нуур, Баян нуурууд нь цэнгэг устай загасны нөөцтэй, нүүдлийн шувууд зусах, өндөглөх таатай нөхцөлийг бүрдүүлж байдгаараа онцлог бөгөөд ач холбогдолтой газар юм.


-Нийгмийн сүлжээнд тархаад буй тураг гогой нь нуурын загасыг дуусгах гэж байна. Устгах хэрэгтэй гэдэг нь хэр зөв юм бол?

-Тийм ээ. Нийгмийн цахим сүлжээнд тураг гогой буюу хар галууг тойрсон олон маргаантай асуудал гарсан. Иргэд гол, нууруудын загас багасаж байгаа нь хар галууны тоо толгой ихэссэнтэй холбоотой тул устгах шаардлагатай. Мөн зарим нэг нь хар галууг устгахыг оролдсон тохиолдлууд ч байна.  Ер нь бол судалгаа шинжилгээгүйгээр хар галуу /тураг гогой/ шувууг шууд устгах талаар ярьж болохгүй юм. Юуны өмнө усны шувуу нь дан ганц загасаар хооллохгүй ээ. Усны шавж, хөвөгч амьтан, ургамлаар хооллоно. Мэдээж шувуу нь өөрийн идэх хэмжээ хязгаартай тэрнээс биш цахим орчинд бичиж буй шиг байнга загасыг үй олноор нь иддэг амьтан биш юм. Загас ч өөрөө байгаль дээрээ тийм амархан баригдаад байхгүй. Тиймээс зөвхөн тураг гогойноос болж загасны тоо толгой буурч байгаа гэдэг нь үнэнд нийцэхгүй. Бид биологийн төрөл зүйлийг судалгаа шинжилгээгүйгээр устгах, тоо толгойг цөөрүүлэх арга хэмжээг авч болохгүй.  Амьтны тоо толгойг хэдий хэмжээнд байх ёстой гэдгийг энгийн иргэд бид шийддэггүй. Энэ нь өөрөө байгалийн жам ёсоор зохицуулагддаг зүйл юм. Байгаль экологийн тэнцвэр гэж нэг юм байна. Экологийн тэнцвэр гэдэг нь экосистемийг бусад зүйл, тэдгээрийн хүрээлэн буй орчинтой зэрэгцэн оршдог тогтвортой байдлын төлөв байдалд хэрхэн зохион байгуулдаг болохыг тодорхойлсон ойлголт юм. Бүх амьд организмд шаардлагатай хоол хүнс, түүний тогтвортой байдал нь экологийн тэнцвэрт байдал байгааг харуулж байна. 

Тиймээс энэ тэнцвэрт байдал маш чухал юм. Экосистемийн оршин тогтнох нь үүнээс хамаарна. Бүх организмын амьдрал экологийн тэнцвэртэй явагддаг. Зөв зохистой экосистем нь организм бүрийг төлөвлөсний дагуу хөгжиж, үржих боломжийг олгодог. Организмын тасралтгүй оршин тогтнох нь экологийн тэнцвэрт байдлаас үүдэлтэй. Тийм учраас л үй олон шувууд нүүдэллэн ирж загасны тоо толгой буурна гэдэг өрөөсгөл ойлголт юм шүү. Загасны тоо толгой буурахад олон шалтгаан байж болно. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гол, нуурууд хатаж ширгэх. Мөн маш их бохирдох болсон нь нэг том шалтгаан байж болох юм. Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд багагүй гол, нуур, булаг ширгэсэн гэсэн судалгааны үр дүнгүүд бий. Энэ дүн бол загасны амьдрах орчин хэрхэн хомсдож, доройтож байгаагийн нэг илэрхийлэл шүү дээ.


-Тураг гогой шувууны талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Иргэдийн нэрлээд буй хар галуу буюу тураг гогой нь Гогойныхон овгийн усны шувуу юм. Тэд Еврази, Африк, Австралид нутагладаг. Энэ шувууны гадаад төрх нь томхон, хар бараан зүсэмтэй бөгөөд амьдрах бүсээс шалтгаалан өдний өнгө зүс олон янз байна. Биеийн жин 1.5-5.3 кг хооронд бүртгэгдээд байгаа ба дунджаар 2.6-3.7 кг байна. Биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см юм. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд цагаан толботой байна. Тэд их өргөн тархжээ. Тэнгис далай болон цэнгэг уст нуур, голоос идэш тэжээл олж иднэ. Хойд зүгийн шувууд нь нүүдэллэн өмнөд зүгт аль загас жараахай элбэгтэй эрэг даган өвөлждөг. Тураг гогой сүргээрээ цуглах хэд хэдэн газартай байх ба тэндээ унтаж амран, түр амсхийдэг. Үүр цайхад идэш тэжээл олохоор ниснэ. Үржлийн улиралд хэдэн арав, эсвэл хэдэн мянгаар сүрэглэдэг. Тэд голдуу усны эргийн өндөр байц хад, модонд хатсан мөчир, далайн замаг зэргээр үүрээ засах ба 3-4 өндөг гаргана. Нэг сар орчим дараад ангаахай гарах ба 40-50 хоноод бие даадаг ажээ. Мөн төрөл бүрийн загасаар хооллох ба тэр дундаа могой загас их барьж иддэг. Ан хийхдээ дунджаар 20-30 см шумбана. Заримдаа нэг минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий гэж судалгаанд тэмдэглэгдсэн байна.

Тураг гогой нь нүдээ хөдөлгөж чаддаг цөөн шувуудын нэг юм ч гэж тэмдэглэгджээ. Загасаар хооллодог, загастай нуур даган нүүдэллэх нэгэн зүйл шувуу юм.

Сүүлийн үед загас хамгаалах нэрээр тураг гогой шувууг ихээр агнахын сацуу иргэд өндгийг нь хагалах болсон байна. Гогой нь сүүлийн үед л ихээр тархаад буй мэт иргэд ойлголттой байна. Тэгвэл Гогой бол дэлхийд өргөн тархалттай усны шувуудын нэг. Манай Монголд анх 1881 онд судлаач Брезовский их нууруудын хотгорт анх тэмдэглэж Монгол орны шувууны жагсаалтад бүртгэсэн байдаг. Дараах бүтээлийн 164 дахь хуудсаас үүнийг олж унших боломжтой (http://zslsites.org/asse…/…/Mongolian_Red_List_for_Birds.pdf). Энд тэмдэглэснээр тус шувуу нь Монгол орноор 1913-70 онуудад аялсан судлаачдын бүтээл, тэмдэглэлүүдийг үзэж байхад нуурын мандлыг Тураг гогой хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг (Skryabin, 1976). Тиймээс энэ шувуу анх үүссэн цагаасаа буюу хэдэн сая жилийн өмнөөс бусад шувуудын адил байгалийн жамаараа өөрийн идэш тэжээлийн нөөц хүрэлцээг даган томоохон нууруудаар олноор сүрэглэн амьдарсаар ирсэн байна.

Тураг гогой байгаль дээрээ зэрлэг загасны популяци, тоо толгойд сөргөөр нөлөөлсөн судалгааны үр дүн өнөөг хүртэл гараагүй байна.

Мэдээж уур амьсгал, хуурайшилтын нөлөөгөөр уст цэгүүд багасаж түүнийг даган зарим усны шувуудын тоо толгой томоохон нуур голууд дээр нэмэгдэж буй. Энэ нь үнэхээр аюул болж байгаа бол үүнийг нь бид устгаж зохицуулна гэж байхгүй юм. Судалгаа хийж шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан зөвлөмжийн дагуу зохицуулах ёстой. Бид байгаль хамгааллын асуудалд болгоомжтой хандах ёстой. Тиймээс иргэд үнэн зөв мэдээллийг авч сурах нь чухал юм.

-Өнгөрсөн жил БОАЖЯ-аас тус шувууны талаарх хэлэлцүүлгийг хийсэн байдаг?

-Тийм ээ. Жил бүр нийгмийн цахим сүлжээнд тураг гогой буюу хар галууг тойрсон олон маргаантай асуудал гардаг. Иргэд гол, нууруудын загас багасаж байгаа нь хар галууны тоо толгой ихэссэнтэй холбоотой тул устгах шаардлагатай гэж үзэж зарим газар зөвшөөрөлгүй тураг гогой шувууг устгах тохиолдлууд гарсан. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, судлаачид, иргэдийн оролцоотой уулзалт, хэлэлцүүлгийг 10 дугаар сард зохион байгуулсан.  Энэ уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд, шувуу болон загас судлаач эрдэмтэд, загасчдын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, болон иргэд оролцсон юм. Хэлэлцүүлгээр тураг гогой үнэхээр загасны тоо толгойд нөлөөлж байгаа эсэх асуудалд бодитоор хандах, иргэдэд үнэн бодит мэдээллийг мэдээлэх. Цаашид энэ асуудлаар хамтарсан үйл ажиллагааг хэрхэн явуулах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийх талаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд 2021 онд тураг гогойн тархац нутгийг бүрэн хамарсан тоо толгойн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийхээр шийдвэрлэсэн. Одоогоор манай аймагт энэ шувууны талаарх албан ёсны судалгаа хийгдэж эхлээгүй байна.


-Ер нь байгалийн цогцолборт газруудад шувууны судалгааг хэр хийдэг вэ?

-Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас жил бүр судалгааны ажил хийгддэг. Улаагчины хар нуурын байгалийн цогцолборт газарт өнгөрсөн жилийн судалгааны явцад тэмдэглэгдсэн амьтдаас Улаан дансны ангиллаар Олон улсын хэмжээнд “Устаж болзошгүй” ангилалд орсон идлэг шонхор, “Ховордож болзошгүй” ангилалд орсон нөмрөг тас, Бүс нутгийн хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон цагаан сүүлт бүргэд зэрэг хамгааллын зэрэг өндөртэй шувууд бүртгэгдсэн байдаг. Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас байгалийн цогцолборт газарт судалгааны явцад тэмдэглэгдсэн ховор шувуудыг илрүүлэх, байршил, тархалт, тоо толгойг үнэлэх нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд мэдээлэл оруулдаг юм билээ.

-Улаагчины хар нуурын орчим газар нутаг нь нүүдлийн шувууд ирж очиход таатай газар нутаг уу?

-Улаагчины хар нуурын орчим газар нутаг нь хангай, говийн амьдрах орчин хосолсон бөгөөд энэ бүс нутагт тохиолдох шувуудын зүйлийн бүрдлээр өвөрмөц юм. Энд олон улсын төдийгүй бүс нутгийн хүрээнд ховордсон Хошуу галуу Anser cygnoides, Хуруут хун Cygnus olor, Хан бүргэд Aquila heliaca, Цагаансүүлт Haliaeetus albicilla болон Усны нөмрөг бүргэд Haliaeetus leucoriphus, Ооч ёл Gypaetus barbatus, Нөмрөг тас Aegypius monachus, Идлэг шонхор Falco cherrug, Алтайн хойлог Tetraogallus altaicus, Хархираа тогоруу Grus grus, Ойн шийхнүүхэй Anthus trivalis, Өгөөлэй шулганаа Saxicola insignis зэрэг шувууд байгааг анхааран ховор шувуу судлалын болон хамгааллын төлөвлөгөөг боловсруулан хариуцсан мэргэжлийн байгууллагууд нь ажиллаж байна. Энэ бүс нутагт Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг нэг, ховордож болзошгүй долоо, устаж болзошгүй нэг болон бүс нутгийн хэмжээнд эмзэг зургаа, ховордож болзошгүй нэг, устаж болзошгүй нэг зүйл шувууд тус тус байгааг судалгаагаар тогтоосон байдаг. 

Ер нь Улаагчины хар нуурт тохиолдох шувуудын зүйлийн дийлэнх хувь нь нүүдлийн зүйлүүд байгаа нь бүс нутгийн төдийгүй олон улсын хувьд нүүдлийн зүйлийг судлах, хамгаалахад чухал нутаг юм. Нуурт зусаж үрждэг шувуудын судалгааг тогтвортой хийх нь нуурын экосистемд гарч буй өөрчлөлтийг тандах боломжтой болдог юм. Учир нь үржлийн шувуудын тоо толгойн өөрчлөлт нь тухайн нуурын хүрээлэн буй орчинд гарч буй өөрчлөлтийн индикатор болдог байна. Түүнчлэн ус намгархаг газар, говийн болон хангайн зэрэг экосистемийн олон янз, тэдгээр тохиолдох зүйлийн өвөрмөц бүрдэлтэй зэрэг нь шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх асар их нөөц, боломж байгааг илэрхийлж байна. Иймээс Улаагчины хар болон Сантмаргацын Баян нууруудыг 2009 онд Монгол орны шувуудад чухал газар нутгийн жагсаалтад оруулсан байдаг. Түүнчлэн дэлхийн хэмжээнд ховордсон Борцгор хотон, цагаансүүлт нөмрөг бүргэд, цагаан толгойт ямаансүүл, хонин тоодог зэрэг шувууд тохиолдох учир Эрдэнэхайрхан сумын Улаагчины хар нуур болон Сантмаргаз сумын Баян нуурыг 2009 онд Шувуудын чухал газар нутгийн сүлжээнд хамруулсан байдаг. Нэмж мэдээлэхэд, Улаагчины хар нуур орчмын нутаг байгалийн өвөрмөц тогтцоороо нэрд гараад зогсоогүй, ан амьтан, эрдэс баялаг, рашаан усаар алдартай боловч байгалиас дээрх нуур загасгүй байсан.  Уг нуурт загас нутагшуулан үржүүлэх, орчны нөхцөл болон загасны хоол тэжээлийг олон жилийн судалгааны үр дүнгээр гаргасан байдаг. Энэхүү судалгааны үр дүнд тэжээлээс нэгж талбайд 78.4 кг, нуурын ашигтай талбайгаас 150 тонн загасны бүтээгдэхүүн буй болох боломжтой гэж биологийн үндэслэлийг дэвшүүлж 1980 оноос хоёр удаа энэхүү нуурын сав газарт Байгаль нуурын омоль болон пельд буюу цагаан зарам загас өсгөн үржүүлэхээр нутагшуулан тавьсан ба амжилттай үржиж байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ