Гучин долоогоос дээш хэмийн халуунтай шалгуулагч тусгаарлах өрөөнд ЭЕШ өгөх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд болно. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ЭЕШ-ын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн байна.
Энэ удаагийн ЭЕШ цар тахлаас үүдэн хойшлогдсон учир шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд дахин хандан суудлын хуваариа шинээр хэвлэж авахыг сануулж байна.
Шалгалт өгөх хүүхдүүдээс вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, өвчлөөд эдгэсэн магадалгаа, шинжилгээний хариу шаардахгүй. Бүртгүүлсэн бүх хүүхэд шалгалт өгөх боломжтой бөгөөд шалгуулагчдаас зөвхөн иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн 4 төрлийн бичиг баримт шаардах юм байна.
НМХГ-ын Эрүүл мэндийн
хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, "Шалгалтын төвүүдэд хяналт
шалгалт хийхэд нэр бүхий сургуулиуд анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн
байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн байна.
Шалгалтын төвийн нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2
метр зайтай суухаар ширээг байрлуулсан. Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг
үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулсан байна.
Мөн шалгуулагчдыг
анги танхимуудад орох, гарах үед бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр зохицуулалт,
зураглал хийж бэлэн байдлыг хангуулсан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын
явцад шалгалтын төв болох 41 сургуульд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ
үзүүлсэн.
Шалгалтын
байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах, халдваргүйжүүлэх
бодисын нөөцийг бэлтгэх, шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа
зүүсэн эсэхийг шалгаж нэвтрүүлэх, шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй багш,
ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах, нэг удаагийн хувцас хэрэглэлээр хангах зэрэг
зөвлөмжийг өгсөн байна.
Мөн шалгалт өгөх хүүхдийн биеийн халуун 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулан ЭЕШ өгөх боломжийг олгоно" гэлээ.
ЭЕШ-ын үеэр коронавируст халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа, эсвэл гэртээ тусгаарлагдсан хүүхдүүд 9 дүгээр сарын 2-5-нд шалгалт өгнө. Энэ тохиолдолд хүүхдүүдээс эмчийн магадалгаа шаардана. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын улмаас хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулсан шалгалтыг дахин зохион байгуулна. Ингэснээр бүх хүүхэд их, дээд сургуульд элсэх боломж бүрдэх аж.