АПУ ХК Монголын анхны их наядын үнэлгээтэй компани болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-09 12:42:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй, хувьцаат компаниудаас АПУ ХК анхны нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй олон нийтийн компани боллоо. Энэ үйл явдалтай холбогдуулан Монголын Хөрөнгийн бирж, СЗХ, АПУ ХК компани хамтран өнөөдөр Хөрөнгийн биржид хүндэтгэлийн цан цохилоо. Уг ёслолд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн захирал Х.Алтай, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, УИХ-ын гишүүн Г.тэмүүлэн, Х.Булгантуяа, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар оролцов. 




“Компанийн зах зээлийн үнэлгээ их наяд төгрөгт хүрч, Монголын хөрөнгийн зах зээлийн 25 хувийг дангаар бүрдүүлж байна. Энэ нь Монголын бизнес дэлхийн зах зээлд гарах хөгжлийн дараагийн үе шатны суурь болж байна. Энэ бол бидэнд итгэл үзүүлж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын ач гавьяа юм" хэмээн АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэллээ. Тэрээр, АПУ ХК сүүлийн 20 жилд 100 гаруй сая ам.долларын 3 шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болж чадлаа гэсэн юм. 




Ёслолын үеэр Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр хэлэхдээ, "АПУ энэхүү үнэлгээнд хүрсэн нь хөрөнгийн зах зээл дээр байдаг, нээлттэй байх, үйл ажиллагаа, компанийн засаглалаа сайжруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг олон боломжийг ашиглаж чадаж буйд оршиж байдаг. Үүнийг АПУ ХК өнөөдөр тод харууллаа" гэдгийг онцолж байв. 





Тэрээр 3 гаруй сая хүн амтай, жижиг зах зээл дээр хувьцаат болон хязгаарлагдмал хувьцаат компаниуд одоо хоорондоо өрсөлдөх бус, нэгдэж нийлж хамтран ажилласнаар ийм их үнэлгээтэй, гадаад зах зээлд өрсөлдөх хэмжээний томоохон компанийг бий болгож болдог юм байна гэсэн дохиог АПУ ХК өгч харуулж байна гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодруулав. 


АПУ ХК ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран ажиллаж байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлж, ОХУ, БНХАУ-д экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос 6 дахин нэмэгдээд байна. Олон улсын "Хайнекен" компани АПУ ХК-ийн 25 хувийг эзэмшиж байна. 



-Хувьцаат компанийн үнэлгээг юугаар дүгнэдэг вэ? 

-АПУ компани өнөөдөр 1 их наяд төгрөгийн үнэлгээнд хүрлээ гэдэг маань цаанаа бол хувьцааны үнэ ханш нэмэгдэж байна гэсэн үг. Хувьцааны үнэ өсөж байгаа учраас компанийн үнэлгээ нэмэгдэж байна гэсэн үг. 

Хувьцааны үнэ ханш бол тухайн компанийн засаглал хэр зэрэг сайн байна, хөрөнгө оруулагчдад мэдээллээ хэр зэрэг нээлттэй, ил тод, түргэн шуурхай болгож байна, мөн компанийн ашигт үйл ажиллагаатай шууд холбоотой. 

-Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн жилд их өөрчлөгдөж байгаа. Үүнийг хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээс гадна жирийн иргэд яаж мэдэх вэ. Энэ талаар тодруулна уу?

-Хувьцаа сонирхож байгаа хүмүүс юуны түүү, хамгийн түрүүнд мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Өнөөдөр Монгол улсад бүртгэлтэй 50 гаруй үнэт цаасны компани ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хэд хэдэн сан ажиллаж байна. Тиймээс хувьцаа, хөрөнгө оруулалтыг сонирхож байгаа бол мэргэжлийн байгууллагад эхлээд хандах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байж өөрөө хөрөнгө оруулж сурах хэрэгтэй гэв.



Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 9 компани 50 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй болж, нийлбэр 2.5 их наяд төгрөгтэй дүйж байна.





Энэ ташрамд мэдээлэхэд өдгөө Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд төгрөг давах хэмжээнд очоод байна. Монголын Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.97 их наяд төгрөгт хүрч, түүхэн дээд түвшин тогтоов. Үүнд АПУ ХК-ийн хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөлжээ.  Тус компанийн хувьцааны ханш энэ оны эхэнд 600 төгрөг орчимд хэлбэлзэж байсан. Тэгвэл өдгөө 990-д хүрч, зах зээлийн үнэлгээ нь 1.06 их наяд төгрөг давлаа. Ингэснээр АПУ компани Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 25 хувийг дангаараа бүрдүүлдэг болов. 




Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 9 компани 50 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй болж, нийлбэр 2.5 их наяд төгрөгтэй дүйж буй юм. Монголын Хөрөнгийн биржид 185 компани бүртгэлтэй. Энэ нь манай Хөрөнгийн бирж цөөн хувьцаанд түшиглэж үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. 

Одоогоор Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй:

  • “Тавантолгой” компани 372.3,
  • “МИК холдинг” 289.9,
  • “Инвескор ББСБ” 224,
  • “Ард санхүүгийн нэгдэл” 209.7,
  • “Говь” 194.2,
  • “Монгол шуудан” 109.5,
  • “Сүү” 95.7,
  • “Мандал даатгал” 56.1 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болжээ.

Хөрөнгө оруулагч нар хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхох болсон. Тиймээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээ цаашдаа ч өснө гэсэн хүлээлттэй байгааг албаны болон мэргэжлийн хүмүүс хэлж байна.


Б.Болд. Р.Батхишиг

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ