Коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээний явцын үнэлгээг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. APSED буюу сэргэж байгаа халдвар, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх Ази, Номхон далайн стратегийн техникийн зөвлөлдөх цахим уулзалт, Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг сайжруулах нь цахим хурал зохион байгуулагдаж байна.
Тус цахим уулзалт энэ сарын 27-29-нд болж байгаа бөгөөд коронавируст
халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийх юм.
Уулзалтад ОБЕГ-ын
дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын
дарга, хурандаа Д.Баасансүрэн, Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт,
сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хойд бүсийн Төв-Орхон аймгийн Онцгой байдлын
газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын
дарга, хурандаа М.Адъяабаатар нар оролцон харилцан туршлага солилцож байна.
2005 онд зохион байгуулагдснаас хойш хоёр дахь удаагаа цахим
хэлбэрээр явагдаж байгаа тус уулзалтад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн нийт
37 улс орон оролцож, Ази, Номхон далайн бүсийн эрүүл мэндийн аюулгүй байдал,
дэлхий дахинд болон бүсийн хэмжээнд коронавиурст халдварын нөхцөл байдал, хариу
арга хэмжээний сайн туршлага, хэрэгжилт, үр дүнд хүрэх болсон шалтгаан, олон эх сурвалжит тандалт, хавьтлын судалгаа,
хилийн хяналтын арга хэмжээ, лабораторийн оношилгоо болон шинжилгээ зэрэг
асуудлын хүрээнд авч байгаа арга хэмжээ, туршлагаасаа хуваалцаж байна.