Дотоодын нийт бүтээгдэхүүн 15.7 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-27 09:47:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 15.7 хувиар өссөнийг Монголбанкнаас гаргасан инфляцын тайланд тэмдэглэжээ.


Эрэлтийн талаас цэвэр экспорт, хөрөнгө оруулалт өсөлтийг тэггэсэн бол өрхүүд хүнсний болон хүнсний бус хэрэглээгээ танасан нь өсөлтөд сөрөг нөлөөтэй байв. Хөл хорио тогтоосон, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрээгүй зэргээс өрхийн хэрэглээний сэргэх хугацаа 2021 оны сүүлийн хагас хүртэл хойшлох хандлагатай болжээ. Харин хөрөнгө оруулалт энэ оны турш эрэлтэд эерэгээр нөлөөлөх хүлээлт хэвээр байна.


Уул уурхайн салбар тайлант улиралд 34.1 хувиар нэмэгдсэн бол уул уурхайн бус салбар 11 хувиар өсчээ. Тодруулбал, боловсруулах, тээвэр, мэдээлэл холбоо, үйлчилгээ, бүтээгдэхүүний татварын орлого өнгөрсөн оноос нэмэгдэж барилга, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл агшив.


Цар тахлын үед өрхүүд хэрэглээгээ танаж, хадгалах хандлагатай байна. Өрхийн хэрэглээ 1-р улиралд өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар хумигдаж, нийт эрэлтийг 8.5 нэгж хувиар багасгажээ. Мөн Засгийн газрын хэрэглээ тайлант улиралд өнгөрсөн оны түвшинд байж, нийт эрэлтийг 0.1 нэгж хувиар саарууллаа.


Оны эхний улиралд бизнесийн зориулалттай зээл сэргэж, төсвийн хөрөнгийн зардал өнгөрсөн оныхоос өссөнөөр хөрөнгийн хуримтлал 11 хувиар тэлж, нийт эрэлтэд 4.5 нэгж хувийн эерэг нөлөөтэй байв. Үүнээс, машин тоног төхөөрөмжийн хуримтлал нэрлэсэн дүнгээр 30 гаруй хувиар өссөн бол бусад бүлэг өнгөрсөн оныхоос нэмэгдээгүй  аж. 


Тайлант улиралд түүхий эдийн үнэ өндөр хэвээр байж, гадаад эрэлт нэмэгдсэнээр экспорт бодит дүнгээр өнгөрсөн оны бага сууриас 76.2 хувиар өсөж, нийт хэрэглээнд 56.3 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлэв. Нөгөө талаас, эдийн засаг идэвхижих, хөрөнгө оруулалт нэмэгдэхтэй зэрэгцэн импорт 30.3 хувиар өссөн нь нийт хэрэглээнд 36.7 нэгж хувийн бууруулах нөлөөтэй байв. Үүнд, суудлын машинаас бусад тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрлэлийн орц, хэрэглээний бүтээгдэхүүний импортын хэмжээ өссөн нь нөлөөлжээ.


Хоёрдугаар улирлын инфляцын тайланд уул уурхайн салбар 34.1 хувиар нэмэгдэж, уул уурхайн бус салбарууд 11 хувиар тэлснийг онцоллоо. Өнгөрсөн оны эхний улирлын суурь үеийн нөлөө, Оюу толгой”-н зэсийн баяжмал, түүнд агуулагдах алтны агууламж нэмэгдсэнээр уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтөд +7 нэгж хувийн эерэг нөлөө үзүүллээ. Үүнд нүүрс, Оюу толгой”-н зэсийн баяжмал, газрын тосны олборлолт нөлөөлөв. Тухайлбал, нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеэс 2 дахин илүү буюу 102.6, Оюу толгой”-н зэсийн баяжмал 21.1 хувиар, үүнд агуулагдах алтны хэмжээ5 312.6 хувиар нэмэгджээ.


Мөн газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеэс 226.2, төмрийн хүдэр 11.4 хувиар өсөж, “Оюу толгой”-н бус зэсийн баяжмалын олборлолт 7.5 хувиар багаслаа. Уул уурхайн салбарын идэвхжилээс шалтгаалж, нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрчимжсэн, мөн ачааны автомашин, импортын хүнсний худалдаа нэмэгдсэнээр худалдааны салбарын өсөлт энэ оны эхний улиралд төсөөллөөс их буюу 6.3 хувьд хүрэв.


Уул уурхайн идэвхжлийг дагаж нүүрс, төмрийн хүдрийн тээвэр нэмэгдсэн ч хөл хорионы улмаас албан бус тээвэр багассан тул тайлант хугацаанд тээврийн салбарын төсөөлөл хүлээлтээс бага буюу 5.6 хувиар нэмэгджээ. Харин барилгын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар багасаж, “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой”-н төмөр замын ажил хэвийн үргэлжилж байна. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой төмөрлөг бус эрдэс бодисын үйлдвэрлэл, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэнээр боловсруулах салбар эхний улиралд 21 хувиар тэлэв.


Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээ, санхүү даатгалын үйлчилгээ нэмэгдэж үйлчилгээний салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар өсжээ. Түүнчлэн, хөл хорионоос үүдэн зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний орлого багассан.


Энэ оны эхний улиралд малын зүй бус хорогдол өмнөх оныхоос 2 дахин нэмэгдэж 1048.6 мянгад хүрсэн, бойжуулсан төл өмнөх оныхоос 21.8 хувиар багасаж, 5824.6 мянгад хүрсэн нь хөдөө аж ахуйн салбар 6.6 хувиар агшихад нөлөөлжээ. Ийнхүү уул уурхайн бус салбарт эдийн засгийн идэвхжил төсөөллөөс их байсан, мөн НӨАТ-ын буцаан олголтоос шалтгаалж бүтээгдэхүүний цэвэр татварын орлого тайлант улиралд 45.3 хувиар нэмэгдсэн нь төсөөллийн гол зөрүүг үүсгэсэн хэмээн тус тайланд тайлбарлажээ.


Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын нөлөөгөөр уул уурхайн бус салбар идэвхжиж, 2017-2019 онд потенциал үйлдвэрлэлийн өсөлт нэмэгдсэн бол цар тахлын нөлөөгөөр 2020 оны туршид эдийн засаг хумигдаж, потенциал үйлдвэрлэл багасаад байв. Харин энэ оны эхний улиралд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн нь потенциал үйлдвэрлэл өсөхөд нөлөөллөө.


Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний олборлолт 2021 оны 1 дүгээр улиралд сайжирч, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн зөрүү эерэг түвшинд хүрчээ. Мөн уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн зөрүү НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгох болсон 1 удаагийн шинжтэй нөлөөгөөр эерэг болоод байна.


Эдийн засгийн өсөлт тайлант улиралд хүлээлтээс өндөр байж, худалдаа, боловсруулах, үйлчилгээний салбарын өсөлтийн төсөөлөл сайжрахаар байгаа нь 2021 онд эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлэх нөлөө үзүүллээ.


Хэдийгээр энэ оны 4,5 дугаар сард тогтоосон бүх нийтийн хөл хорионы дэглэм нь эдийн засгийн идэвхжил сэргэх хугацааг хойшлуулсан ч вакцинжуулалт эрчимжиж, хөл хорионы дэглэмийг сулруулснаар оны сүүлийн хагаст эдийн засаг идэвхжил сэргэх төлөвтэй. "Оюу толгой”-н зэсийн баяжмал, түүний алтны агууламж ирэх онд багасах хүлээлттэй байгаа нь уул уурхайн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлэх ч дотоод эрэлт сэргэснээр уул уурхайн бус салбар эрчимжин эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгааг төв банкны тайланд мэдээлжээ.

Холбоотой мэдээ