Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-21 14:55:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олонд


Монгол Улсад орчин цагийн мэдээллийн агентлаг үүсч, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олон, үе үеийн ажилтнууд, сэтгүүлч, орчуулагчид Та бүхэнд амжилт бүтээл үргэлжид дэвжихийн өлзийтэй сайхан ерөөлөөр  мэндчилж, чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ардын хувьсгалын анхны ялалтын мэдээг “Монголчуудын бослого” нэртэйгээр дэлхий нийтэд түгээсэн МОНЦАМЭ агентлаг нь өнөөдөр олон улсын мэдээллийн байгууллагуудтай мөр зэрэгцэн ажилладаг нэр хүндтэй байгууллага болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.


Ардчиллын нөлөөн дор хэвлэл, мэдээллийн эрх чөлөө баталгаажсан өнөөгийн нөхцөлд үнэн бодит мэдээллийг түгээх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа МОНЦАМЭ агентлаггүйгээр Монгол Улсын дотоодод болон хилийн чанадад мэдээлэн сурталчлах ажлыг төсөөлөх аргагүй юм.


МОНЦАМЭ агентлаг нь Ардчилсан шинэ Монгол Улсын хөгжил, дэвшил, ирээдүй өөдөө хандсан эрмэлзэл тэмүүллийг дэлхий нийтэд цаг алдалгүй мэдээлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголыг дэлхий дахинд, дэлхийг Монголд мэдээлж ирсэн төдийгүй иргэд Үндсэн хуулиар олгосон чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө зөв зохистой эдлэхэд нь үнэн бодит, шуурхай, тэнцвэртэй мэдээллийн баталгаатай эх сурвалж болж байгаа билээ.


МОНЦАМЭ агентлагийн хамт олон Та бүхэн цаашид дэлхий дахины мэдээллийн тэргүүлэх агентлагуудтай хамтын ажиллагаа, харилцаагаа улам өргөжүүлж, цахим мэдээллийн орчин үеийн ололт амжилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллах зүй ёсны шаардлагатай тулгарч байна.


Танай хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                               Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ

Улаанбаатар хот                                                        2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Холбоотой мэдээ