УОК үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмыг цуцлах эсхүл хойшлуулах саналыг Засгийн газарт танилцуулахаар болжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Тэрбээр, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо цар тахлын эрсдэлийн үнэлгээ хийж УОК-т танилцууллаа. ЭМЯ болон бусад байгууллага Үндэсний их баяр наадмыг хойшлуулснаар цар тахлын давалгааг хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Уг асуудлыг маргааш өглөө 9.00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, эцэслэн шийдвэрлэнэ. Аймаг, сумдын наадмын асуудлыг ч мөн маргааш шийдвэрлэнэ” гэлээ.
Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тохиолдолд энэ сарын 10-19-нд аж ахуйн нэгж, байгууллагууд хэвийн горимоор ажиллах эсэх талаар мөн шийдвэр гаргах юм. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг. Хуулийн хүрээнд Засгийн газраас энэ сарын 16-ны баасан гаргийн ажлын өдрийг 24-ний бямба гарагт шилжүүлж нийт 9 хоног амрахаар шийдвэрлээд байсан юм.
Ташрамд дурдахад, Хүй долоон худагт хийж буй Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх бэлтгэл хангаж, урлаг соёлын видео бичлэг бэлтгэж байгаа бөгөөд дуусах шатандаа ороод буй юм. Уг бичлэгийг энэ сарын 11-13-нд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.