Дундговийн иргэд хаврын тариалалтаар 44295 мод тарьжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-21 16:05:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг түүхт 80 жилийн ойгоо угтаж, 8 түмэн мод тарих зорилт дэвшүүлээд энэ хаврын тариалалтаар 55 хувийг нь биелүүлжээ.

Ирэх 2022 онд 80 жилийн ойгоо тэмдэглэх ба энэхүү түүхэн ойг угтаж, 4 удаагийн тариалалтаар 8 түмэн мод тарихаар байгууллага, айл өрх, сум, багаараа идэвхийлэн оролцсон юм.

Аймгийн хэмжээнд энэ удаагийн мод тарилтаар 468 өрх, 127 аж ахуйн нэгж, байгууллага нийт 44295 мод, сөөгийг тарьж арчилгаа, усалгаа хийж байгаа аж.

Орон нутагтаа амьдран суугаа иргэдээс гадна энд 10 жилийн сургууль төгссөн үе үеийн төгсөгчид, уугуул иргэд нутаг орноо ойжуулах их үйлсэд биечлэн болон хандив өргөж оролцлоо.

Мод тарьж, арчлан ургуулах мэдлэг, мэдээлэл чухал учраас аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас санаачлан, "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" ТББ-тай хамтран “Дундговио ногооруулъя” уриан дор мод бут сөөг тарих, арчлах хамгаалах, хүлэмжийн нарийн ногоо тариалах, цэцэг арчлах 3 өдрийн сургалт зохион байгуулж, 15 сумаас сургагч багш нарыг бэлтгэсэн.

Мөн аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас шилдэг ногоон байгууламж бүхий сум, байгууллага, айл өрхийг шалгаруулах уралдаан зарлан, ногоон байгууламж бий болгох ажлыг идэвхжүүлж байгаа.

Тодорхой шалгууруудаар хамгийн өндөр оноо авч, олон мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн 3 сум, 3 байгууллага, 15 айл өрх (сум бүрээс нэг өрх)-ийг шалгаруулан шагнах ба нийт 18,0 сая төгрөгийн шагналын сантай юм. Ийнхүү тус аймгийн хүн бүр дор бүрнээ идэвхийлэн, Дундговио ногооруулахын төлөө хичээж байна. 

Холбоотой мэдээ