Эрдоган: Турк, Азербайжан "шинэ Карабахыг байгуулна"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-17 12:21:58

БАКУ. /TASS/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Азербайжантай хамт Карабахыг сэргээн босгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.  Ийм мэдэгдлийг тэрбээр лхагва гарагт Азербайжаны парламентад үг хэлэхдээ хийжээ.


"Бид өчигдөр Карабахаар дайран өнгөрөхдөө, 30 жилийн мөргөлдөөний дараа ямар их зүйл сүйдсэнийг харсан. Гэхдээ Турк, Азербайжан бүх зүйлийг хамтдаа сэргээн босгож, шинэ Карабахыг байгуулна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Эрдоган зургаадугаар сарын 15-наас Азербайжанд албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевтай хэлэлцээ хийж, 2020 оны намар болсон байлдааны ажиллагааны дараа Бакугийн мэдэлд очсон Шуша дахь хэд хэдэн объектуудтай танилцсан байна. 


Хоёр орны удирдагчид мягмар гарагт холбоотны харилцааны тухай Шушагийн тунхаглалд гарын үсэг зурж, хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн хамтарсан хурлыг тогтмол зохион байгуулах, түүнчлэн аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд нь аюул заналхийлсэн тохиолдолд Зэвсэгт хүчнүүдийхээ үйл ажиллагааг уялдуулж, харилцан бие биедээ туслахаар тохиролцжээ.

Холбоотой мэдээ