Хэрлэн гол үертэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-17 12:16:59

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Хэрлэн гол үерийн түвшинд хүрсэн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тиймээс агаар салхинд гарахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Ийнхүү голуудын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОБГ-аас "Үер усны ослоос сэргийлье" нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг дайчлан голын эргээр хяналт шалгалт хийж байгаа юм. Онцгой байдлын газрын алба хаагчдын дийлэнх нь цар тахалтай холбоотойгоор постууд дээр үүрэг гүйцэтгэж байгаа учир ийнхүү зарим байгууллагын ажилтнуудаар хүч нэмэгдүүлэхээр зохион байгуулалт хийсэн гэв.

Тухайлбал, Цагдаа, НАА, БОАЖГ, Төмөр зам, Цаг уур, ХХААГ, ГБХЗХГ, "Адуунчулуун" ХК зэрэг хүн хүч олонтой байгууллагуудыг тогтсон хуваарийн дагуу есдүгээр сарын 15-ныг хүртэл Хэрлэн голын эрэг дагуу хяналт тавих ажилд оролцуулах аж. 

Уржнан жил Хэрлэн голд хоёр хүн, өнгөрсөн жил зургаан хүн осолдож, амь эрсэдсэн гэдгийг ч давхар анхаарууллаа. 

Холбоотой мэдээ