АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-17 09:11:02

ЖЕНЕВ. /BBC/. Зургаадугаар сарын 16-ны лхагва гарагт Швейцарын Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт боллоо. Тэд кибер халдлагаас авахуулаад Украин дахь Оросын үйл ажиллагаа гэх мэт олон асуудлаар хоёр улсын хоорондох хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед уулзав.


Энэ бол Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын анхны нүүр тулсан уулзалт юм. Үүнээс өмнө Путин 2018 онд Хельсинкид Дональд Трамптай уулзаж байв. Путин, Байден нар өмнө нь уулзаж байсан боловч тэд хоёулаа Ерөнхийлөгч байгаагүй юм. Уулзалт 2011 онд болсон бөгөөд Байден дэд ерөнхийлөгч, Путин Ерөнхий сайд байжээ. 


Уулзалтын дараа Путин хоёр цаг орчим сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тэрбээр хэлэлцээг үр бүтээлтэй болсон гэж тодорхойлоод, ОХУ, АНУ хоёр улсын нийслэлд Элчин сайд нараа буцаахаар тохиролцсныг мэдээлэв. Путин мөн Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Орост буцаж ирэхдээ баривчлагдана гэдгээ мэдэж байсан гэж хэлсэн байна.


Харин Байдены хэвлэлийн бага хурал арай богино байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтыг мөн бүтээлч уур амьсгалд болсныг хэлжээ. Тэрбээр АНУ-ыг чиглэсэн кибер халдлага, мөн Навальныйгийн хувь заяаны талаар ярилцсан гэж мэдээлсэн байна. 


Хэлэлцээний дараа Байден, Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин нотолжээ.


Хоёр улсын удирдагчдын хэлэлцээ Ла-Гранж виллад болсон бөгөөд энд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган нар 1985 онд уулзаж байсан байна.


Дээд хэмжээний уулзалт завсарлагааныг оруулаад 3.5 цаг орчим үргэлжилжээ.


Холбоотой мэдээ